• Корэкс
  • Posts
  • Uptober болох уу? Крипто зах зээл өнгөрсөн долоо хоногт

Uptober болох уу? Крипто зах зээл өнгөрсөн долоо хоногт

Биткойн өнгөрсөн долоо хоногт ерөнхийдөө өсөлтийн байдалтай байлаа. Өнгөрсөн долоо хоногийг 26,972 ам.долларын нэгж үнэтэйгээр эхлүүлсэн биткойн долоо хоногийн төгсгөлийг сайн хийв. Учир нь америкийн цагаар Ням гарагийн орой харин монголын цагаар 10 дугаар сарын 2-ны Даваа гарагийн өглөөний 06:14 цагт биткойний үнэ 4%-иар огцом өсч 28,500 ам.долларт, этэриум (ETH) 4.7%-иар өсч 1,750 ам.долларт хүрэв.

Дээрх үнийн огцом өсөлтөөс болж 70 сая гаруй ам.долларын дүн бүхий “шорт“ арилжаанууд алдагдал (liquidated болж) хүлээв. Үүний 36 сая ам.доллар нь биткойний “шорт“, 23 сая ам.доллар нь этэриумийн “шорт“ арилжаа байсан байна.

Зураг №1. Биткойний 15 минутын үнийн графикаар өнөө өглөөний үнийн огцом өсөлтийг харуулав.

Дээрх үнийн өсөлтөд тодорхой шалтгаан байхгүй ч үүнийг “Uptober“ буюу 10 дугаар сард биткойн болон бусад криптоюалютын үнэ өсдөг түүхэн хандлагатай холбож байна. Крипто судалгааны CoinGlass-аас гаргасан статистикийн дагуу 10 дугаар сар нь жилийн хамгийн “bullish“ саруудын нэг бөгөөд 2013 оноос хойших сүүлийн 10 жилийн хугацаанд зөвхөн 2-хон удаа биткойний үнэ уналттай хаагдсан байна.

Зураг №2. Сүүлийн 10 жилийн хугацаан дахь биткойний үнийн өсөлт, бууралтын байдал сар сараар

Өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан алткойн

Зах зээлийн үнэлгээгээр эхний 30-д багтах алткойнууд дотор өнгөрсөн долоо хоногт хамгийн өндөр өсөлтийг (14%-ийн өсөлт) Chainlink (Link) үзүүлэв. Блокчэйнүүд хооронд дата мэдээлэл чөлөөтэй солилцох (cross-chain interoperability) боломжоор хангадаг уг бие даасан протокол нь Coinbase биржийн шинээр гарсан Layer-2 блокчэйн сүлжээ болох Base-г өнгөрсөн долоо хоногт эгнээндээ нэгтгэсэн нь Link-ийн үнэ өсөх шалтгаан болов.

Техник анализ талаас нь харвал Link сүүлийн 500 гаруй хоногийн хугацаанд хажуугийн хөдөлгөөн буюу “base” үүсгэж байна. Уналтын тренд дууссаны дараа удаан хугацааны туршид үнэ ийнхүү тогтох нь тус койн “bullish“ байгаагийн шинж юм.  

Зураг№3. Link-ийн 7 хоногийн үнийн график. Үүсч буй base-ийг ногоон өнгөөр тодруулав

Зах зээлийн төлөв ямар байна вэ?

Дээрх үнийн өсөлтийн нөлөөгөөр крипто салбар дахь сентимент бага зэрэг сайжирч “айдастай” төлөвөөс “завсрын“ буюу “neutral“ төлөвт шилжсэнийг доорх зургаас харна уу.

Крипто зах зээлд оптимизм хэзээ эргэн ирэх вэ?

Салбарын шинжээчид 2 чухал огноог онилж байна. Нэгдүгээрт биткойний спот үнэтэй уягдсан ETF-г Америкийн зах зээлд гаргах хүсэлтүүдэд тус улсын Үнэт цаасны хороо ирэх оны 1-р сард нааштай хариу өгнө гэсэн хүлээлт. Хоёрдугаарт “биткойний халвин” ирэх оны 4 дүгээр сард болох бөгөөд үүний дараа үнэ өснө гэсэн хүлээлт зэрэг болно.

Шинэ стэблкойнуудын тухай

Circle еврогоор баталгаажсан стэблкойныг Stellar (XLM) блокчэйн дээр гаргав.

Мөн Японы хамгийн том банк болох Mitsubishi UFG Binance Japan-тай хамтран иенээр баталгаажсан стэблкойн гаргахаар болсон байна.

Өнгөрсөн 9-р сард крипто зах зээлд өндөр дүнтэй цахим гэмт хэргүүд гарав

Блокчэйн дэх мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Certik байгуулсны баталгаажуулснаар өнгөрсөн сард крипто зах зээлд нийт 332 сая ам.долларын дүн бүхий цахим гэмт хэргүүд гарсан байна. Зарим ноцтой хэргүүдийг дурдвал P2P сүлжээ Mixin Network 9 дүгээр сарын 23-ны өдөр хакердуулсны улмаас 200 сая ам.долларын үнэ бүхий криптовалют алдагдсан. Түүнчлэн Жастин Саны HTX бирж (хуучнаар Huobi бирж) 7.9 сая ам.долларын үнэ бүхий 5000 ETH-ийг өнгөрсөн долоо хоногт хакеруудад алдав.

Мөн крипто бирж CoinEx-ээс 9 дүгээр сарын 12-ны өдөр 53.1 сая ам.долларын үнэ бүхий криптовалют алдагдсан. Stake.com -оос 41 сая ам.долларын үнэ бүхий криптовалют 9 дүгээр сарын 4-ний өдөр алдагдсан. Мөн бизнесмен Марк Кубаны крипто хэтэвч хакердуулж 870,000 ам.долларын алдагдал хүлээжээ.

Binance бирж Оросыг орхив

Binance бирж ОХУ дахь бизнесээ шинээр байгуулагдсан бирж CommEX-т зарснаар тус улсаас бүрэн гарах нөхцөл бүрдэж байгаа ажээ. Одоогоор Оросын хэрэглэгчдийн цахим хөрөнгө Binance биржид найдвартай хадгалагдаж байгаа бөгөөд хэрэглэгчдэд шинэ бирж рүү хөрөнгөө хэрхэн шилжүүлэх талаарх дэлгэрэнгүй зааварчилгааг удахгүй өгөх ажээ.

Binance биржийн комплаенс хариуцсан захирал Н.Пөрлман хэлэхдээ тус биржийн ОХУ дахь үйл ажиллагаа нь Binance-ийн комплаенсын стратегид нийцээгүйг дурдав. Түүнчлэн тус бирж Web3 үзэл санааны цаашдын хөгжилд итгэж байгаа бөгөөд одоо үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй орон дахь үйл ажиллагаандаа түлхүү анхаарахаа онцолсон байна.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!