Paypal стэблкойн гаргав

Онлайн төлбөр тооцооны Paypal компани өөрийн стэблкойн (PYUSD)-г гаргаж буйгаа 8 дугаар сарын 7-ны Даваа гарагт олон нийтэд зарлав. PYUSD нь ам.доллар, АНУ-ын Засгийн газрын богино хугацааны бонд зэргээр баталгаажсан бөгөөд ханш нь ам.доллартай 1:1 итгэлцүүрээр тогтох ажээ. Энэхүү мэдээ гарсны дараа Paypal-хувьцааны үнэ 2%-иар өссөн байна. Мөн олон тооны хуурамч PYUSD гарчээ. Одоогоор PYUSD крипто биржүүд дээр арилжаалагдаж эхлээгүй бөгөөд Huobi бирж хамгийн түрүүнд ‘‘list”-лэхээ мэдэгдсэн.

Давуу талууд:

  • Ханш тогтвортой: 1PYUSD 1 ам.доллартай тэнцэх тул бусад савалгаа ихтэй криптовалюттай харьцуулахад ханш тогтвортой. Мөн Paypal хэрэглэгчид аливаа крипто биржээр дамжихгүйгээр өөрсдийн paypal дансаараа шууд PYUSD хялбархан худалдаж авах боломжтой.

  • Хурдан: PYUSD стэблкойн хэрэглэснээр олон улсын төлбөр тооцоог арилжааны банк зэрэг уламжлалт хэрэгслүүдээс илүү хурдан гүйцэтгэнэ.

  • Хямд: Кредит карт ашиглан эсвэл банкаар дамжин төлбөр тооцоо хийхэд төлдөг шимтгэлээс хямдаар төлбөр тооцоо хийнэ.

  • Аюулгүй: Найдвартай, хангалттай хэмжээний хөрөнгөөр баталгаажсан тул дампуурах эрсдэл бага.

Эрсдлүүд:

  • Эрх зүйн зохицуулалт тодорхойгүй: Стэблкойний талаарх эрх зүйн зохицуулалт тодорхой бус, бүрхэг, дэлхийн улс орнуудад дөнгөж эхлэлийн шатандаа явж байна. Жишээ нь хөрөнгийн зах зээл хамгийн өндөр хөгжсөн АНУ-д гэхэд Стэблкойны хууль төслийн шатандаа явж байна. Конгрессийн доод танхим болох Төлөөлөгчдийн танхимийн Санхүүгийн үйлчилгээний байнгын хороо уг хуулийн төслийг өмнө нь хэд, хэдэн удаа хэлэлцсэн боловч батлаж чадаагүй. Уг төсөл парламентын хоёр танхимаар хэлэлцэж батлагдан, Ерөнхийлөгч хуулийн зарлигт гарын үсэг зурсны дараа хүчин төгөлдөр болно.

  • Нэр хүнд, итгэлцэл: PYUSD-гийн ирээдүй нь уг стэблкойнийг гаргагч Paypal болон кастодиан Paxos Trust компанийн зах зээлийн нэр хүндээс ихээхэн хамаарна. Хэрэв аль нэг нь хэрэглэгчдийн итгэлийг алдах, аливаа муу мэдээ дагуулах аваас PYUSD стэблкойнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Жишээ нь TerraUSD стэблкойний талаар хөрөнгө оруулагчдыг санаатайгаар төөрөгдүүлсэн гэсэн үндэслэлээр АНУ-ын Үнэт цаасны хороо Paxos Trust-ийн эсрэг 2023 оны 2 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргана хэмээн сүрдүүлж байжээ.

  • Өрсөлдөөн: PYUSD-г бусад стэблкойнуудын зүгээс хүчтэй өрсөлдөөн угтаж байна. Тухайлбал тус стэблкойн нь зах зээлд аль хэдийн хөлөө олсон Tether (USDT), Binance USD (BUSD) болон USD Coin (USDC)-той өрсөлдөнө.

ЖИЧ: Тether (USDT) стэблкойнийг гаргагч Tether Global компани энэ оны 2 дугаар улиралд 850 сая ам.долларын цэвэр ашиг олсон байна. Ингэснээр заавал байлгах нөөцөөс давсан хөрөнгийн хэмжээ нь 3.3 тэрбум ам.долларт хүрчээ.

Биткойний үнэ тогтворжиж 2016 оны түвшинд хүрэв

Аливаа криптовалютийн үнэ тодорхой хугацааны туршид дундаж үнээсээ дээшээ болон доошоо хэр хол өсч, буурсныг “volatility” буюу үнийн савалгаа гэдэг. Volatility буурна гэдэг нь зах зээл дэх худалдан авагчид (buyers) болон зарагчид (seller) хоорондын тулаан “тэнцвэржсэнээр” үнийн хөдөлгөөн идэвхгүй болж, тодорхой хэлбэлзэлд тогтдог.

Glassnode-ийн мэдээлснээр биткойний үнийн савалгаа буурсаар байгаа бөгөөд сүүлийн нэг жилийн үнийн савалгааны түвшин (доорх графикт шараар тэмдэглэсэн) 2016 оны 12 дугаар сарын түвшинд хүртлээ буурсан байна.

Харин үнийн савалгааг сараар нь харьцуулахад одоогийн үнийн тогтворжилт нь дор дурдсан “баавгайн” зах зээлийн эцсийн шатанд болж байсан үнийн савалгааны бууралтуудтай адил түвшинд очсон байна (Сарын савалгааг улаан зураасаар тэмдэглэсэн). Үүнд:

  • 2015 оны “баавгайн“ зах зээлийн эцсийн шат;

  • 2018 оны “баавгайн“ зах зээлийн эцсийн шат ;

  • 2020 оны 3-р сараас мөн оны төгсгөл хүртэлх “баавгайн“ зах зээлийн эцсийн шат.

Биткойний үнийн савалгаа дерривативс (futures болон options) бүтээгдэхүүнүүдийн хувьд ялангуяа options гэрээний арилжаан дээр их бага байгаа ажээ.

Үнэ цаашид яах вэ?

Хэдийгээр үнэ хөдөлгөөнгүй, тогтворжсон ч энэ байдал тийм ч удаан үргэлжлэхгүй гэж Ethana Labs-ийн Судалгаа, дата мэдээллийн албан захирал Conor Ryder үзэж байна. Тэрээр биткойнийг том зургаар нь харах ёстой бөгөөд биткойний халвинг дөхөж байгаа, мөн спот ETF ирэх оны дунд гэхэд зах зээлд гарах магадлалтай зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр зах зээл сэргэнэ. Харин тэр хүртэл биткойний хувьд хажуугийн хөдөлгөөн зонхилсон “уйтгартай“ хоног, өдрүүд үргэлжлэх төлөвтэйг онцлов.

Цэвэр техник анализ талаас нь харвал биткойний үнэ сүүлийн 111 өдөр, 365 өдөр, 200 өдөр, 200 долоо хоногийн дундаж үнээс дээр байгаа нь харьцангуй “bullish“ байгааг илтгэж байна.

Эх сурвалж:

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!