- Корэкс
- Posts
- Европын төв банк болон Канадын төв банк бодлогын хүүгээ бууруулав
Европын төв банк болон Канадын төв банк бодлогын хүүгээ бууруулав
Зах зээлийн сентимент ямар байна?
Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 72 (Greed) үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 73 (Greed) байсантай харьцуулахад зах зээлийн сентимeнт бараг өөрчлөгдөөгүй байна.
Крипто үнэ
Өнгөрсөн долоо хоногт биткойн 6.3% хүртэл өсч бараг 72,000 ам.доллар хүрсэн ч Баасан гарагт 5% буюу 68,300 ам.доллар хүрч унав. Өсөлтийн шалтгаан нь спот биткойны ETF сангийн хувьцаанд оруулсан хөрөнгө оруулагчдын мөнгөн хөрөнгийн хэмжээ 6 дугаар сарын 4-ний Мягмар гарагт 886,7 сая ам.долларт хүрсэн нь түүхэндээ хоёрдугаарт орохуйц томоохон хөрөнгө оруулалт болов. Энэ нь байгууллагын хөрөнгө оруулагчдын биткойнд итгэх итгэл сэргэснийг илтгэв.
Байгууллагын хөрөнгө оруулагчдын итгэл ийнхүү сэргэснийг крипто валютын талаарх АНУ-ын эрх зүйн зохицуулалтад ахиц гарсантай холбон тайлбарлаж байна. Тухайлбал спот биткойны ETF гаргасан, дэлхийн хамгийн том крипто индекс сангийн нэг Bitwise-ийн Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Мэтт Хоуган “Крипто салбарыг зохицуулсан эрх зүйн орчин тодорхойгүй байсан нь байгууллагын хөрөнгө оруулагчид тус салбарт мөнгөө оруулахгүй байх хамгийн гол шалтгаан байсан“ гэжээ. Тус сангаас явуулсан нэгэн судалгаагаар нийт хөрөнгө оруулагчдын 64% нь хууль эрх зүйн орчны тодорхойгүй байдал тэднийг крипто зах зээлд мөнгөө оруулахад гол “чөдөр, тушаа” болж байсан тухай мэдүүлжээ.
Bitwise CIO Matt Hougan болон Franklin Templeton CEO Jenny Johnson нар
Биткойны ETF гаргасан бас нэгэн компани болох Фрэнклин Тэмплетоны Гүйцэтгэх захирал Жэнни Жонсон “Биткойны хөрөнгө оруулагчдын эхний давалгаа сая болоод өнгөрсөн. Харин байгууллагын хөрөнгө оруулагчдын илүү том, хоёрдахь давалгаа биднийг хүлээж байна” гэж хэлжээ.
Биткойны үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар 0,56% уналттай байгаа бөгөөд өнөөдрийн 20:52 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 69,451 ам.долларын үнэтэй байна.
Биткойны үнийн өдрийн чарт
Үнэ яагаад унав?
Зах зээл хэдийгээр өнгөрсөн долоо хоногт сэргэлт авч, 72,000 ам.дол хүртэл өссөн ч Баасан гарагт биткойны үнэ 71,933 ам.доллараас 68,300 ам. доллар хүртлээ буюу 5%-иар огцом унав. Өнгөрсөн Баасан гарагийн үнийн уналтыг доорх зургаар үзүүлэв.
Шалтгаан: АНУ-ын макро эдийн засгийн байдлыг илтгэдэг нэгэн чухал үзүүлэлт болох хувийн хэвшил болон төрийн албаны хөдөлмөр эрхлэлтийн байдлын мэдээ (Non farm payroll) өнгөрсөн Баасан гарагт гарснаар үнэ ийнхүү огцом унав. Тодруулбал дээрх мэдээгээр өнгөрсөн 5-р сард дээрх салбарт шинэ ажлын байр 272 мянгаар нэмэгдсэн тухай зарласан нь тус улсын эдийн засаг харьцангуй “сайн” байгааг харуулж байгаа бөгөөд төв банкны инфляцийн эсрэг бодлого “хангалтгүй” байгааг илтгэв. Инфляцийн жилийн өсөлт зорилтот 2%-иас дээш буюу 3.4%-тай байгаа, дээр нь хөдөлмөр эрхлэлт өнгөрсөн 5-р сард ийнхүү нэмэгдсэн нь энэ Лхагва гарагт буюу 6-р сарын 12-ны өдөр болох Холбооны нөөцийн сангийн ээлжит хурлаар бодлогын хүүг бууруулах магадлалыг багасгав. Европ Холбоо, Канад зэрэг орнууд өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ тус тус бууруулсан ч АНУ-ын хувьд бууруулах магадлал дээрх мэдээгээр ийнхүү багассан нь зах зээлийн сентиментэд сөргөөр нөлөөлж, үнийн уналтыг үргэлжлүүлэв.
Энэ долоо хоногийн онцлох мэдээ
Холбооны нөөцийн сангийн хурлаар бодлогын хүүг бууруулах эсэх талаар авч хэлэлцэх бөгөөд хурлын үр дүнг олон нийтэд мэдээлнэ (Лхагва гараг, 6-р сарын 12-ны өдөр)
Өнгөрсөн 5-р сарын инфляцийн өсөлтийн мэдээг 6-р сарын 12-ны Лхагва гарагийн 20:30 цагт олон нийтэд зарлана.
Сүүлийн 7 өдрийн байдлаар этэриумийн үнэ 4.33% уналттай байна. Өнөөдрийн 21:08 цагийн байдлаар нэгж этэриумийн үнэ 3,673.97 ам.доллар байна.
ETH үнийн хоногийн чарт
Зах зээлийн үнэлгээгээр хамгийн томд орох алткойнуудын үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар дараах байдалтай байна.
www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.
Европын төв банк болон Канадын төв банк бодлогын хүүгээ бууруулав
Өнгөрсөн Пүрэв гарагт Европын төв банк бодлогын хүүг 4%-иас 3.75% болгож бууруулсан нь тус банк сүүлийн 5 жилд бодлогын хүүг анх удаагаа бууруулсан тохиолдол болов. Тус банк инфляцийн өсөлтийг хазаарлах зорилгоор 2022 оны 7-р сараас эхлэн бодлогын хүүг нэмэгдүүлж эхэлсэн билээ. Евро бүсийн орнуудын инфляцийн өсөлт АНУ-тай харьцуулахад бага бөгөөд өнгөрсөн 5-р сард инфляц 2.6% өсөлттэй гарч буурсан нь ийнхүү бодлогын хүүг бууруулж “мөнгөний зөөлөн бодлого“-ын эхлэлийг тавив.
Мөн Канадын төв банк бодлогын хүүгээ 5%-аас 4.75% болгож өнгөрсөн долоо хоногт бууруулсан байна. Ингэснээр тус улс бодлогын хүүгээ бууруулсан Их 7 -гийн хамгийн анхны гишүүн орон болов.
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!