- Корэкс
- Posts
- Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал
Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал
Түүхэн шийдвэр ба үнийн савалгаа
Спот биткойны үнийг дагадаг Биржээр арилждаг сан (ETF) байгуулах 11 компанийн хүсэлтэд АНУ-ын Үнэт цаасны хороо өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт зөвшөөрсөн хариу өгөв. Энэ нь спот биткойны ETF гаргах сүүлийн 10 жилийн оролдлого, хүчин чармайлт биелэлээ олсон “түүхэн үйл явдал“ боллоо. Ингэснээр биткойныг албан ёсоор “цахим хөрөнгө” (asset class) гэж үзэх нөхцөл бүрдэв.
Винкелвоссын ихрүүд спот биткойны ETF (Winklevoss Bitcoin Trust ETF)-ийг Америкийн зах зээлд гаргах хүсэлтийг анх 2013 оны 7-р сард тавьж, татгалзсан хариу авч байжээ. Харин Blackrock тэргүүтэй акулууд өнгөрсөн 6-р сард дээрх хүсэлтийг гаргаснаар спот биткойны ETF энэ оны 1-р сарын 11-ний өдрөөс эхлэн АНУ-ын зах зээлд арилжигдаж эхлэв.
Биткойны ETF-ийн түүх
Өнгөрсөн долоо хоног крипто сонирхогчдын хувьд яг л “галзуу хулгана” (roller coaster) дээр суучихсан мэт болж өнгөрлөө. Учир нь сэтгэл санаа болон эд хөрөнгийн хувьд савалсан өндөртэй өдрүүд болов.
Өрнөлийн хураангуй
Үнэт цаасны хороо “ETF-үүд батлагдлаа” гэсэн жиргээг 1-р сарын 9-ний өдөр хийсэн бол үүнээс хэдхэн минутын дараа “Манай X аккаунт хакердуулсан. Үнэт цаасны хороо ETF хүсэлтүүдийг батлаагүй” хэмээн жиргэв. Дээрх жиргээнээс болж ердөө 5 минутын дотор 48,000 ам.доллар хүрсэн биткойны үнэ сүүлийн жиргээгээр 44,750 ам.долларын болтлоо унав.
Харин маргааш нь буюу 1-р сарын 10-ны өдөр ETF-үүд батлагдсан мэдээ гарч, шинэ ETF-ийн хувьцаанууд 1-р сарын 11-ний өдөр арилжигдаж эхэлсэн эхний хэдэн цагт биткойны үнэ бараг 49,000 ам.доллар хүрэв. Гэвч цуурхал дээр хямд авсан арилжаачид, хөрөнгө оруулагчид бодит мэдээ гарсны дараа зарж эхэлснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд биткойны үнэ 14%-иар унав.
Өнөөдөр буюу Даваа гарагийн 11:56 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 42,547 ам.дол байна.
Биткойны үнийн 7 хоногийн график
Крипто зах зээлийн нийт үнэлгээ ба BTC, ETH доминанс
Крипто зах зээлийн нийт үнэлгээ өнөөдрийн байдлаар 1.63 триллион ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн Даваа гарагтай харьцуулахад зах зээлийн үнэлгээ 2.6%-иар өсөв. Харин нийт крипто зах зээлд эзлэх биткойн (BTC)-ы хувийн жин буюу доминанс өнөөдрийн байдлаар 51.14% байгаа нь одоогийн үнийн уналтаас хамаараад өнгөрсөн долоо хоног (54%)-оос 6.23%-иар буураад байна.
Биткойны зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 834 тэрбум ам.доллар байгаа нь дэлхийн хамгийн үнэ цэнэтэй хөрөнгүүдийн жагсаалтад 10-р байрт явж байна. Хөрөнгүүдийг харьцуулсан доорх зургийг харна уу.
Харин этэриум (ETH)-ийн хувийн жин өнөөдөр 18.44% байгаа нь өнгөрсөн долоо хоног (16.69%)-оос өсөв.
Томоохон алткойнуудын зах зээлийн үнэлгээ сүүлийн 7 хоногийн байдлаар бүгд байдалтай байна. Доорх хүснэгтийг харна уу.
www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.
Зах зээлийн сентимент ямар байна вэ?
Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 52 гэсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 71 байсантай харьцуулахад хөрөнгө оруулагчдын итгэл, өөдрөг байдал илт буурсан байна. Энэ нь өнгөрсөн оны 10-р сарын 19-нөөс хойш “neutral“ бүс рүү анх удаагаа очсон явдал болов.
Үнэт цаасны хороо яагаад хакердуулав?
Cointelegraph вэб хуудаст бичсэнээр Үнэт цаасны хорооны X дэх үндсэн аккаунт аюулгүй байдлын 2FA хамгаалалттгүй байсан нь хакерт өртөх гол шалтгаан болсон байна.
Уг аккаунтыг холбосон гар утасны дугаарыг хакер олж мэдсэний (Sim swap гэдэг хакердалтын түгээмэл хэлбэр) дараа аккаунт руу нэвтрэн дээрх жиргээг хийсэн байна. FBI буюу Холбооны тагнуулын алба дээрх хэрэг дээр ажиллаж байгаа ажээ.
Шинэ ETF-үүдийн арилжаа ямар байв?
Спот биткойны биржээр арилждаг сангууд хувьцаагаа хөрөнгийн бирж дээр Пүрэв гарагт арилжсан эхний өдрөө 4,5 тэрбум ам.долларын эргэлт (volume)-тэй арилжигдсан байна. Үүнээс Grascale-ийн Grayscale Bitcoin Trust хамгийн их буюу 2,3 тэрбум ам.долларын volume бүхий хувьцаа арилжсан байна. Арилжааны эхний өдөр хувьцааны үнэ 43,50 ам.доллар хүрсэн бол Баасан гарагийн арилжаагаар нэгж хувьцааны үнэ 38,58 ам.долларын үнээр хаагдсан байна.
Харин Blackrock-ийн Ishares Bitcoin Trust (IBIT) Баасан гарагийн арилжаагаар 24.97 ам.долларын үнэтэйгээр хаагдсан байна.
Blackrock спот биткойны биржээр арилждаг сан (ETF) (Ishares Bitcoin Trust буюу IBIT)-гийн хувьцаагаа NASDAQ бирж дээр өнгөрсөн Пүрэв гарагт арилжиж эхэлснээс хойш 2 өдрийн дотор нийт 500 сая ам.долларын үнэ бүхий 11,439 ширхэг биткойн худалдан авчээ. Энэ нь тус сангийн хөрөнгийн 99,99%-ийг бүрдүүлж байна (2014 оны 1-р сарын 14-ний өдрийн байдлаар).
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!