- Корэкс
- Posts
- Шанхай хотын блокчэйн дэд бүтцийг хөгжүүлэх “том амбиц”
Шанхай хотын блокчэйн дэд бүтцийг хөгжүүлэх “том амбиц”
Хэдийгээр Хятадын Коммунист нам криптовалютийн арилжаа, олборлолтыг эх газрын Хятадад бүрэн хорьсон ч блокчэйн технологийг харин хөхиүлэн дэмжиж байгаа билээ. Үүний нэг жишээ нь энэ оны 5-р сард Блокчэйн судалгааны төвийг Бээжин хотноо байгуулсан. Зорилго нь бүх Хятадыг хамарсан үндэсний блокчэйн сүлжээг бий болгох. Энэ хүрээнд 500 мянган мэргэжилтнүүдийг бэлтгэнэ.
Шанхайн төлөвлөгөө
Үндэсний алсын хараа, зорилттой уялдуулан Хятадын бүс нутаг, мужийн түвшинд блокчэйн технологийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд шинээр гарч ирсээр байна. Үүний нэг нь Хятадын “эдийн засаг, худалдааны нийслэл“ гэгддэг Шанхай хот блокчэйн дэд бүтцийн цахим сүлжээ үүсгэх “супер” төлөвлөгөө гаргасан байна.
“Шанхай хотын блокчэйний цахим дэд бүтцийг хөгжүүлэх төлөвлөгөө (2023-2025)” гэх уг төлөвлөгөөний гол зорилго нь хотын эрүүл мэнд, боловсрол, нийтийн тээвэр, санхүү, худалдаа, нийтийн үйлчилгээ гэх мэт нийгэм, эдийн засгийн бодит салбаруудад блокчэйний хэрэглээг нэвтрүүлэх, блокчэйний дэд бүтцийн сүлжээг бий болгох ажээ. Уг төлөвлөгөө нь 2025 онд хэрэгжиж дууссанаар эдийн засгийн салбаруудын хөгжилд дүн шинжилгээ хийх, үр нөлөөг нь хэмжих дата, мэдээллийн бааз суурь бүрдсэн байхаар төлөвлөж байгаа юм байна.
Хөх мөрний ай сав. Зургийн эх сурвалж: Seasonsinthesun (via www.beincrypto.com)
Уг төлөвлөгөөний бас нэг зорилго нь Хөх мөрний ай сав газарт орших, Шанхайг тойрсон 26 хотыг блокчэйн дэд бүтцийн сүлжээндээ хамруулах ажээ. Энэ бүс нутаг нь Хятадын эдийн засагт чухал нөлөөтэй бөгөөд тус улсын ДНБ-ий 20% (2018 оны байдлаар)-ийг бүрдүүлдэг бөгөөд Хятад дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын 39% нь энэ бүс нутагт хийгддэг байна.
Мөн дээрх төлөвлөгөөний дагуу шинжлэх ухаан, технологийн чиглэлийн 5 R&D төвийг шинээр байгуулах ажээ. Ernst&Young-ийн судалгаагаар тус бүс нутаг нь Хятадад хийгдэж буй нийт судалгаа, шинжилгээний ажлын санхүүжилтийн гуравны нэгийг авдаг байна.
“Блокчэйн+” төслүүдийг дэмжинэ.
Шанхай хотын захиргаанаас блокчэйн технологийг хэрэглээг бодит эдийн засгийн салбарт нэвтрүүлээд зогсохгүй “блокчэйн+” буюу блокчэйнд суурилсан NFT, Metaverse, Web3 төслүүдийг ирэх 5 жилд бүх талаар дэмжинэ гэдгээ өөрийн вэб хуудастаа онцолжээ. Тухайлбал 10 тэрбум юанийн дүрмийн сантай сан байгуулан гарааны metaverse төслүүдийг санхүүжүүлэх ажээ.
Мэдээний гол эх сурвалж:
Бусад эх сурвалж: