• Корэкс
  • Posts
  • Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Крипто зах зээлийн нийт үнэлгээ

Крипто зах зээлийн нийт үнэлгээ өнөөдрийн байдлаар 1.527 триллион ам.доллар байна. 2021 оны 10 дугаар сард крипто зах зээлийн үнэлгээ хамгийн дээд хэмжээ (All time high)-ндээ буюу 3 триллион ам.дол хүрч байсан. Харин ирэх 2024 онд зах зээлийн үнэлгээ шинэ дээд хэмжээндээ хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна.

Он гарсаар криптовалютын зах зээлд эзлэх биткойны хувийн жин буюу доминанс 30% өсөөд байгаа бол этэриумийн хувийн жин 15% унасан байдалтай байна. Өнөөдрийн байдлаар биткойны доминанс 52.9%, этэриумийн доминанс 17.3% байна.

Өнгөрсөн долоо хоногийн онцлох мэдээ

Өнгөрсөн Лхагва гарагт болсон Холбооны нөөцийн сангийн Нээлттэй зах зээлийн хорооны хурлаар бодлогын хүүг хэлэлцсэн бөгөөд хурлын үр дүнд одоогийн 5.25-5.50% түвшинг хэвээр хадгалахаар шийдвэрлэв. Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэл дээрх хурлын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үгэндээ ирэх онд төв банк бодлогын хүүг 3 удаа буулгаж магадгүй гэсэн дохиог зах зээлд өгөв. Энэхүү мэдээний дараа биткойны үнэ 7.2% хүртэл өсөв.

Бодлогын хүүг хэзээ буулгах вэ?

Ирэх онд Холбооны нөөцийн сангийн Нээлттэй зах зээлийн хороо нийт 8 удаа хуралдана. Бодлогын хүү буурах хамгийн өндөр магадлалтай сар нь 2024 оны 3-р сар болж байгаа тухай Fed Rate Monitor Tool - Investing.com - д дурджээ. Тухайлбал ирэх 1-р сарын 31-нд болох хурлаар бодлогын хүү буурах магадлал 10.3% байхад 3-р сарын 20-нд болох хурлаар бодлогын хүү буурах магадлал 67.5% байна. Хэрэв инфляцийн түвшин аажмаар буурч зорилтот 2% рүү дөхөх аваас бодлогын хүүг 3-р сард буулгах магадлал өндөр байна.

Ирэх оны эхний хагаст крипто зах зээлд эерэгээр нөлөөлөх хэд хэдэн чухал үйл явдал болно гэсэн хүлээлт зах зээлд үүсээд байна. Онцолбол 12 компанийн спот биткойны ETF гаргах зөвшөөрөл 2024 оны 1-р сард гарах, бодлогын хүү 3-р сар буурах, “биткойн халвин” 4-р сард болно.

Крипто үнэ

Өнөөдрийн 15:52 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 41,245 ам.доллар байна.

Биткойны үнийн 7 хоногийн график

Этэриум (ETH) өнгөрсөн долоо хоногт 8%-иар унасан. Өнөөдрийн 16:34 цагийн байдлаар нэгж ETH үнэ 2,175 ам.доллар байна.

ETH үнийн 7 хоногийн график

Алткойнууд: Өнгөрсөн долоо хоногт зах зээлийн үнэлгээ өндөртэй алткойнуудыг Avalanche (AVAX) өсөлтөөрөө тэргүүлэв. Тус койн өнгөрсөн долоо хоногт 40% хүртэл өссөн бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 14.4 тэрбум ам.долларт хүрснээр Dogecoin-ий байрыг эзэлж 10 дугаар байрт жагсаж эхлэв. Өсөлтийн гол шалтгаан нь JPMorgan банк Avalanche блокчэйнтэй хамтран ажиллахаар болсноос үүдэн үнэ нь өсөөд байгаа билээ.

Зах зээлийн үнэлгээ багатай алткойнууд дотроос “meme coin” болох Bonk Inu (BONK) өнгөрсөн долоо хоногт 267% хүртэл өсөв. Нохойны дүрс бүхий уг meme coin сүүлийн нэг сарын хугацаанд 1,200% өсч зах зээлийн үнэлгээ нь 1.4 тэрбум ам.долларт хүрэв. Өнөөдрийн 08:48 цагийн байдлаар нэгж BONK койны үнэ 0.000023070 ам.доллар байна.

Тус meme coin ийнхүү хурдан өсч буй шалтгааныг хэд хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна. Нэгдүгээрт тус койн нь Solana блокчэйний хамгийн анхны нохойны дүрс бүхий meme coin юм. SOL койн зах зээлийн үнэлгээ өндөртэй койн, токенуудыг 650%-ийн өсөлтөөрөө энэ жил тэргүүлж байна. Хоёрдугаарт эргэлтийн хэмжээгээр дэлхийд хамгийн томд орох Binance болон Coinbase биржүүд дээр list-лэгдэн арилжаалагдаж байна.

BONK үнийн 7 хоногийн график

Зах зээлийн сентимент ямар байна вэ?

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал Айдас ба шуналын индексийн дагуу 65 гэсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 74 байсантай харьцуулахад хөрөнгө оруулагчдын итгэл, өөдрөг байдал бага зэрэг буурсан байна.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!