• Корэкс
  • Posts
  • Халимнууд заралт хийж, үнэ унагасан долоо хоног

Халимнууд заралт хийж, үнэ унагасан долоо хоног

Зах зээлийн сентимент ямар байна?

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 51 (Neutral) үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 71 (Greed) байсантай харьцуулахад зах зээлийн сентимeнт огцом унав.

 

Крипто үнэ

Өнгөрсөн долоо хоногт биткойн тэргүүтэй крипто зах зээлд үнийн уналт үргэлжлэв. Ингэснээр сүүлийн 2 долоо хоногийн турш крипто зах зээлд үнийн уналтын тренд үргэлжилж байна.

Өнгөрсөн долоо хоногт үнэ унасан гол шалтгааныг удаан хугацааны турш биткойн “hold“ хийж байсан “халимнууд” их хэмжээний заралтууд хийсэнтэй холбон тайлбарлаж байна. Крипто судалгааны CryptoQuant компанийн үзэж буйгаар сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд урт хугацааны биткойны “халим”-нууд 1.2 тэрбум ам.долларын үнэ бүхий биткойныг зарснаар зах зээлд үнийн уналт үүсгэсэн аж. Тухайлбал Германы Засгийн газар хакеруудаас 2020 онд хураан авсан 3 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий биткойныхоо нэлээдгүй хэсгийг өнгөрсөн Баасан гарагт зарсан байна.

Урт хугацааны биткойн халим гэдэг нь дор хаяж 1000 ш биткойнтой (Өнөөдрийн үнээр 61.1 сая ам.дол) этгээдийг хэлэх бөгөөд хэдэн жилийн туршид заралгүй “hold“ хийхийг ойлгоно. Ихэнхдээ энэ төрлийн халимнуудад хувь гэхээсээ илүүтэй аж ахуйн нэгжүүд, байгууллагын хөрөнгө оруулагчид хамаарагдана.

Түүнчлэн 4-р сард болсон “биткойн халвин”-ы дараа биткойн олборлогчдын орлого хагаслагдсанаар тэд оршин тогтнохын тулд багагүй тооны биткойныг энэ 6-р сард зах зээлд нийлүүлсэн нь үнийн уналтад нөлөөлж байгаа тухай Decrypt онцолжээ.

Өнөөдрийн 19:24 цагийн байдлаар биткойн сүүлийн 7 өдрийн байдлаар 7.48%-ийн уналттай байна. Нэгж биткойны үнэ 60,924 ам.доллар, зах зээлийн нийт үнэлгээ нь 1,2 триллион ам.доллар байна.  

Биткойны үнийн долоо хоногийн график

Майкл Сэйлорын Мicrostrategy компани нэмж 786 сая ам.долларын үнэ бүхий 11,931 ширхэг биткойныг өнгөрсөн долоо хоногт худалдаж авсан ч дээрх үнийн уналтыг тогтоож чадсангүй. Дээрх худалдан авалтыг хийснээр тус компани нийт 226,331 ш биткойныг эзэмшиж байна (Худалдаж авсан дундаж үнэ 36,798 ам.дол).

Техник шинжилгээ хийж харвал биткойны хувьд “Double top” буюу уналтын трендийн үед үүсдэг “Хос орой“ паттерныг үүсгэсэн байна. Энэ паттерн үүссэн үед үнийн уналт үргэлжлэх хандлагатай байдаг. Учир нь эхний орой үүссэний дараа уг цэгт эсэргүүцлийн бүс үүсэх бөгөөд хоёрдахь өсөлтийн тренд нь өмнөх оройгоор үүссэн эсэргүүцлийн бүсийг сэтэлж үл чадан унах үед үүсдэг.

Биткойны үнийн 7 хоногийн график

Суурь шинжилгээ талаас нь харвал биткойны уналтад нөлөөлж буй голлох макро хүчин зүйлд Америкийн инфляцийн өсөлт сайн бууж өгөхгүй байгаагаас хамаарч тус улсын төв банк бодлогын хүүгээ хэзээ буулгах нь тодорхойгүй байдал орж байна. Энэхүү тодорхойгүй байдлаас хамаарч зах зээлийн сентимент муудаж, улмаар том халимнууд заралт хийж, үнэ унагаж байна гэж үзэж байна.

Этэриумийн үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар 5.96% унасан байдалтай байна. Зах зээлийн үнэлгээ нь 405 тэрбум ам.дол (Нийт крипто зах зээлийн үнэлгээний 18.51%). Нэгж ETH үнэ Даваа гарагийн 19:22 цагийн байдлаар 3,313.56 ам.доллар, зах зээлийн нийт үнэлгээ нь 404.7 тэрбум ам.доллар байна.

Этэриумийн үнийн 7 хоногийн чарт

Зах зээлийн үнэлгээгээр хамгийн томд орох алткойнуудын үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар дараах байдалтай байна. Үндсэндээ том алткойнууд биткойныг дагаад бүгд уналтын байдалтай байна.

www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!