- Корэкс
- Posts
- Крипто зах зээл өнгөрсөн долоо хоногт
Крипто зах зээл өнгөрсөн долоо хоногт
Израиль, Палестиний хооронд эхэлсэн дайн болон АНУ-ын 9 дүгээр сарын инфляци өсөлттэй (0.4%-иар өсч жилийн 3.7% болсон) гарсан мэдээнээс болж крипто зах зээл өнгөрсөн долоо хоногт ерөнхийдөө уналтын байдалтай байлаа.
Биткойний хувьд өнгөрсөн долоо хоногт үнэ нь 3.7%-иар унав. Тухайлбал Хамас бүлэглэл Израиль руу 10 дугаар сарын 7-ны Бямба гарагт гэнэтийн довтолгоон хийснээс хойш биткойний үнэ унаж эхэлсэн бөгөөд энэхүү уналт 10 дугаар сарын 12-ны Пүрэв гараг хүртэл үргэлжлэв. Улмаар үнэ тогтож хажуугийн хөдөлгөөн хийсэн бөгөөд Ням гарагаас аажмаар өсөв. 10 дугаар сарын 16-ны Даваа гарагт үнэ 27,900 ам.дол хүртлээ өсөв.
Зураг №1. Биткойний өнгөрсөн долоо хоногийн үнийн хөдөлгөөнийг шараар тодруулав
Техник анализ талаас нь харвал биткойны үнэ өнөөдрийн өсөлтөөр хөндлөн нийлүүлэлтийн бүсийг шалгасан байна. Энэхүү хөндлөн нийлүүлэлтийн бүс нь харьцангуй хүчтэй бүс бөгөөд үнэ өмнө нь 4 удаа энэ бүсийг шалгаад унаж байжээ. Иймд биткойний үнэ энэхүү нийлүүлэлтийг бүсийг сэтэлж чадахгүй бол доошоо унаж хөндлөн эрэлтийн гол бүс (Зураг№ 3-аар харуулсан)-ийг ч шалгах магадлалтай байна.
Зураг №3. Биткойний эрэлт, нийлүүлэлтийн гол бүсүүдийг өдрийн график дээр харуулав.
Этэриум (ETH)-ийн хувьд мөн адил уналттай долоо хоног үргэлжлэв. ETH өнгөрсөн долоо хоногт 5.4%-иар унав. Этэриумийн 7 хоногийн үнийн график харвал үнэ одоо хөндлөн эрэлтийн бүс дээр очсон байна. Хэрэв биткойн унасан тохиолдолд этэриум дагаад унах магадлал өндөр бөгөөд ийнхүү унасан тохиолдолд үнэ 1400 ам.долларын эрэлтийн гол бүс дээр дэмжлэг авах магадлалтай (Зураг №4-ийг харна уу).
Зураг №4. Этэриумийн долоо хоногийн үнийн график
Зах зээлийн үнэлгээгээр эхний 30-д ордог алткойнуудын хувьд мөн адил уналттай долоо хоног өнгөрөв. Зарим алткойны хувьд багагүй уналтыг үзүүлэв. Тухайлбал Polygon (MATIC) 8.6%-иар, Polkadot (DOT) 8%-иар, Avalanche (AVAX) 12.4%-иар унав.
Крипто зах зээлийн хандлага (sentiment) ямар байна вэ?
Зах зээлийн байдал өнгөрсөн долоо хоногт “neutral“ буюу завсрын төлөвтэй байсан. Өнөөдрийн байдлаар крипто зах зээлийн сентимент Айдас ба шуналын индексийн дагуу мөн л “завсрын төлөв”-т байна. Гэхдээ тоон үзүүлэлтийн дагуу 50-аас 47 болж айдас бага зэрэг нэмэгдсэн байна.
Үнэт цаасны хороо Grayscale-ийн эсрэг давж заалдахгүй
Өнгөрсөн долоо хоногт АНУ болон бусад голлох улс орнуудын улс төр, эрх зүй салбарт крипто зах зээлтэй холбоотой томоохон мэдээ гараагүй (Израиль Палестиний дайныг эс тооцвол) харьцангуй тайван долоо хоног байлаа.
Гэсэн хэдий ч крипто зах зээлд нөлөөлсөн нэгэн анхаарал татсан мэдээ гарсан нь АНУ-ын Үнэт цаасны хороо криптовалют, цахим хөрөнгийн удирдлагын Grayscale (Grayscale Investments) компанийн эсрэг шүүхэд давж заалдахгүй байхаар шийдсэнд байлаа. Энэхүү шийдвэр нь крипто хөрөнгө оруулагчид, арилжаачдад биткойний спот үнэтэй уягдсан ETF бүтээгдэхүүн АНУ-ын хөрөнгийн зах зээлд гарах нь гэсэн итгэлийг нэмэгдүүлэв.
Үнэт цаасны хороо болон Grayscale-ийн хооронд юу болсон бэ?
Үнэт цаасны хороо Grayscale тэргүүтэй хэд хэдэн компанийн спот биткойний ETF бүтээгдэхүүн гаргах хүсэлтэд 2022 оны 6-р сард татгалзсан хариу өгсөн бөгөөд Grayscale энэхүү шийдвэрийн эсрэг ганцаараа шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Тус компани Үнэт цаасны хорооны зөвшөөрлөөр биткойний фючерс ETF (Grayscale Bitcoin Trust буюу GBTC)-ийг аль 2013 онд зах зээлд гаргасан бөгөөд энэхүү фючерс ETF-ээ спот болгуулах хүсэлтээ гаргаад ийнхүү татгалзсан хариу авсан билээ.
Grayscale-ийн шүүхэд гаргасан гол үндэслэл нь фючерс эсвэл спот ETF гэдгээс үл хамааран санхүүгийн гэмт хэрэг, үнийн манипуляцийн эсрэг хуулийн шаардлагууд нь спот, фючерс дээр адил мөрдөгдөнө. Ямар ч ETF-ийн үнэ биткойний суурь үнэтэй уягдсан тул спот биткойний ETF нь фючерс үнээр зарагдаж байгаа ETF-ээс ялгаагүй гэсэн болно.
Grayscale-ийн гаргасан дээрх үндэслэлийг буруу гэдгийг Үнэт цаасны хороо хангалттай хэмжээнд няцааж чадаагүй гэж шүүх үзсэн бөгөөд Grayscale-ийн хүсэлтэд татгалзсан хариу өгсөн нь Үнэт цаасны хорооны буруу гэж үзсэн байна. Үнэт цаасны хороо шүүхийн шийдвэрийг 45 хоногийн дотор давж заалдах эрхтэй байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт гарсан мэдээний дагуу давж заалдахааргүй болжээ.
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!