• Корэкс
  • Posts
  • Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Крипто зах зээлийн нийт үнэлгээ

Крипто зах зээлийн нийт үнэлгээ өнөөдрийн байдлаар 1.6 триллион ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн Даваа гарагаас хойш 5% өсөв. Нийт крипто зах зээлд эзлэх биткойн (BTC)-ы хувийн жин буюу доминанс 1.24%-иар (одоо 52.24%), этэриум (ETH)-ийн хувийн жин 0.61%-иар (Одоо 16.93%) тус тус буурав. Буурсан шалтгаан нь зах зээлийн үнэлгээгээр эхний 15-т орох Solana (Sol) 53.56%, Polkadot (DOT) 28.40%, Avalanche (AVAX) 15.79%, BNB токены үнэ 10.6% өссөнтэй холбоотой.

Зах зээлийн сентимент ямар байна вэ?

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал Айдас ба шуналын индексийн дагуу 73 гэсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 65 байсантай харьцуулахад хөрөнгө оруулагчдын итгэл, өөдрөг байдал нэмэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлууд

Биткойн сүүлийн 7 хоногийн байдлаар 4.3%-ийн өсөлттэй байна. Өнгөрсөн долоо хоногийн Лхагва-Баасан гарагуудад 44,000 ам.долларын нийлүүлэлтийн бүсийг 3 удаа дээш сэтэлсэн ч амралтын өдрүүдээр үнэ 3%-иар унав. Өнөөдөр буюу Даваа гарагийн 09:47 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 43,058 ам.дол байна.

Техник анализ хийн харвал биткойны үнэ “ascending triangle“ буюу өсөлтийн гурвалжин паттерн үүсгэсэн байна. Энэ паттерн нь үнийн өсөлтийн трендийг харуулдаг “Bullish“ паттерн юм. Хамгийн сүүлд BTC дээр энэхүү “ascending triangle“ паттерн 2023 оны 11-р сарын 9-нөөс 12-р сарын 1-ний хооронд үүссэн. Улмаар уг паттерн дээш задарсны дагуу үнэ 5 хоног дараалан 17%-иар өсч 44,500 ам.дол хүрсэн.

Одоо үүсээд буй “ascending triangle” паттерн удахгүй дээш задран, үнэ өсөх магадлалтай. Учир нь спот биткойны үнийг дагадаг биржээр арилжаалагддаг сан үүсгэх 12 компанийн хүсэлтэд АНУ-ын Үнэт цаасны хороо ирэх 1-р сарын эхээр нааштай хариу өгнө гэсэн хүлээлт зах зээлд үүсээд байна.  

Биткойны үнийн өдрийн график

Дээрх 12 компанийн нэг болох Blackrock болон Nasdaq биржийн төлөөлөл өнгөрсөн долоо хоногт Үнэт цаасны хороотой уулзсан байна. Уг уулзалтаар Blackrock-ийн iShares Bitcoin хэмээх ETF-ийг Nasdaq биржийн шинэ журамд нийцүүлэн хэрхэн “list”-лэх, арилжихтай холбоотой асуудлыг голлон ярилцсан байна.

Алткойнууд: Этэриум (ETH)-ийн үнэ сүүлийн 7 хоногийн хугацаанд 2.53% унаад байна. Харин ETH-ийн сайжруулсан хувилбарууд болох өрсөлдөгч койн, токенуудын үнэ өсөв. Тухайлбал 10 тэрбум ам.доллараас дээш үнэлгээтэй SOL, DOT, AVAX-ийн үнэ өсөхөөс гадна дунд хэмжээний үнэлгээтэй, layer-2 койнууд болох Optimism (OP), Arbitrum (ARB)-ийн үнэ сүүлийн долоо хоногт 68% болон 26%-иар тус тус өсөв.  

SOL-ийн хувьд зах зээлийн үнэлгээгээр Ripple (XRP)-г гүйцэж, BTC, ETH, USDT-гийн дараа орох 4 дэх том криптовалют (47.7 тэрбум ам.дол) болоод байна. Өнөөдрийн байдлаар нэгж SOL-ийн үнэ 111.80 ам.доллар байна.

SOL үнийн 7 хоногийн график

Хонконг криптовалютын спот үнэ дагадаг ETF гаргах хүсэлтүүдийг хүлээн авна

Хонконгийн Үнэт цаас, фючерсийн комисс криптовалютын спот үнийг дагадаг биржээр арилжаалдаг сан (ETF) гаргах аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авахад бэлэн гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдэв. Фючерс үнэ дагадаг ETF тус улсын хөрөнгийн зах зээлд аль хэдийн гараад байгаа билээ.

Binance биржийн зах зээлд эзлэх хувь багасч, Upbit, Bybit, OKX биржийнх нэмэгдэв

Криптовалютын зах зээлд эзлэх Binance биржийн хувь 2023 оны эхэнд 65.6% байсан бол энэ 12-р сарын дунд гэхэд 43.5% болж буурчээ. Харин Upbit, Bybit, OKX биржийн эзлэх хувийн жингүүд нэмэгдсэн байна.

Нигери Улс криптовалютын гүйлгээний хоригоо цуцлав

Нигери Улсын төв банкны зүгээс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд арилжааны банкууд болон бусад санхүүгийн байгууллагууд криптовалютаар гүйлгээ хийхийг 2021 оны 2-р сараас хориглоод байсан юм. Харин дэлхий нийтээрээ криптовалютыг хориглох бус зохицуулах хандлага газар аваад байгаагаас үүдэн уг хоригоо цуцалсан байна.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!