• Корэкс
  • Posts
  • Зах зээл сэргэсэн долоо хоног

Зах зээл сэргэсэн долоо хоног

Сүүлийн сар гаруй хугацаанд уналтын байдалтай байсан крипто зах зээл өнгөрсөн 7 хоногоос сэргэв. Чухам яагаад сэргэсэн талаар дор өгүүлэв.

Өнөөдрийн 23:49 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 63,000 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар биткойн 12.55%-ийн өсөлттэй харин сүүлийн 24 цагийн байдлаар 5.05% өсөлттэй байна.

Биткойны үнийн өдрийн чарт

Харин этэриумийн хувьд өнөөдрийн 23:50 цагийн байдлаар нэгж этэриумийн үнэ 3,3466 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар ETH үнэ 12.84%-ийн өсөлттэй, сүүлийн 24 цагийн байдлаар 5.68%-ийн өсөлттэй байна.

ETH үнийн өдрийн чарт

Топ алткойнууд (ETH ороогүй)-ын хувьд сүүлийн 7 хоногийн байдлаар ихэнх нь 10% дээш өсөлтийг үзүүлээд байгааг доорх зургаас харна уу.

Зах зээл яагаад сэргэв?

Зах зээл сэргэснийг дор дурдсан хэд хэдэн шалтгаантай холбон үзэж байна. Үүнд:

Криптод ээлтэй Д.Трампийн Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал огцом өсөв

Ерөнхийлөгч асан Д.Трамп Пенсильвани мужид сонгуулийн сурталчилгаагаа хийж яваад түүний амийг хөнөөх оролдлогоос Бямба гарагт амьд гарсны дараа биткойн тэргүүтэй крипто зах зээлд өсөлтийн тренд эхлэв. Дээрх аллагын оролдлого болохоос өмнө Д.Трампийн Ерөнхийлөгч болох магадлал 59% байсан бол аллагын оролдлогоос амьд гарсны дараа энэхүү магадлал 67% болж огцом өсөв. Д.Трамп нь криптовалютыг дэмжсэн, нээлттэй бодлого баримталдаг бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргааны криптовалютын талаарх байр суурь, бодлогыг шүүмжилсээр ирсэн билээ.

Хэдийгээр амь насаа алдаж болох аймшигт аллагын оролдлогоос дөнгөж амьд гараад удаагүй байгаа ч Д.Трамп Нэшвил хотноо 2024 оны 7-р сарын 25-27-ны өдрүүдэд болох “Биткойн 2024” бага хуралд оролцохоо цуцлахгүй гэдгээ мэдэгдээд буй юм. 78 настай Д.Трамп хоёр дахь удаагаа АНУ-ын Ерөнхийлөгч болох магадлал ийнхүү өсөхийн хэрээр крипто зах зээлд эерэг сентимент, уур амьсгал эргэн ирэв.

Зөвхөн крипто гэлтгүй АНУ-ын хөрөнгийн зах зээл дээрх мэдээг эерэгээр хүлээн авч өнөөдөр буюу Даваа гарагт Dow Jones, SP500 индекс, Nasdaq composide индексүүд өсөлттэй нээгдлээ.

Инфляцийн өсөлт таамгаас бага гарав

АНУ-ын өнгөрсөн 6-р сарын инфляцийн өсөлт өмнөх 5-р сараас 0.1%-иар бага гарав. Ингэснээр инфляцийн жилийн өсөлт өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 3% өсөлттэй гарав. Ийнхүү жилийн инфляц 3% гарсан нь сүүлийн 3 жилийн хугацаан дахь хамгийн бага өсөлтийн хувь болж байна. Инфляцийн жилийн өсөлтийг 2%-д хүргэх төв банкны зорилт сүүлийн 3 жилийн хүчин чармайлтын дүнд зорилтот 2%-даа ийнхүү хамгийн ойртов.

Инфляци ийнхүү буурсан нь бодлогын хүүг тус улсын төв банк энэ 9-р сард бууруулах магадлалыг нэмэгдүүлж байна. Бодлогын хүү буурах тухай мэдээ нь үнийг өсгөхүйц томоохон хүчин зүйл болно гэсэн хүлээлт зах зээлд үүсээд байгаа билээ.

  • Германы Засгийн газар эцсийн биткойноо зарж дуусав

    Өнгөрсөн 6-р сарын дундаас Германы Засгийн газар хакеруудаас хураасан биткойн (50,000 ширхэг)-оо зах зээлд зарж эхэлснээс үүдэн үнэ унасаар байгаа билээ. Тэгвэл Германы Засгийн газар өнгөрсөн долоо хоногт бүх биткойноо зарж дууссан байна. Энэхүү мэдээ нь хөрөнгө оруулагчид, long арилжаачдын хувьд сайн мэдээ болов.

Ростин Бемэн: Этэриум бол таваар мөн

АНУ-ын Бараа таваарын фючерс арилжааны хорооны дарга Ростин Бемэн тус улсын Конгрессийн асуулгад өнгөрсөн Лхагва гарагт оролцох үеэрээ “Биткойн болон Этэриум нь тус улсын Бараа таваарийн арилжааны тухай хуулийн дагуу бараа, таваарт тооцогдоно” хэмээн үзсэн Иллинояа мужийн шүүхийн шийдвэрийг иш татан ярьсан нь крипто зах зээл сайнаар хүлээж авав. Харин АНУ-ын Үнэт цаасны хорооны дарга Г.Генслер “Биткойноос бусад бүх криптовалют бол хуулийн дагуу үнэт цааст тооцогдоно“ гэсэн эсрэг байр суурь баримталдаг билээ.

Этэриумийн биржээр арилжаалагддаг сан (ETF) гаргах тусгай зөвшөөрлөө авсан нэр бүхий компаниуд уг ETF бүтээгдэхүүнээ биржээр арилжих нэмэлт тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн өнгөрсөн долоо хоногт Үнэт цаасны хороонд өгсөн байна. Хэрэв дээрх арилжааны тусгай зөвшөөрөл энэ долоо хоногт гарвал энэ нь этэриумийн үнийг өсгөх чухал мэдээ болно гэсэн хүлээлт зах зээлд үүсээд байгаа билээ.

Үнэт цаасны хороо шалгалтаа зогсоов

АНУ-ын Үнэт цаасны хороо Binance USD (BUSD) стэблкойнд оруулсан байсан шалгалтаа зогсоосон тухай мэдээ өнгөрсөн Пүрэв гарагт гарав. Ингэснээр адилхан шалгалтад ороод байсан Ripple (XRP) болон Cardana (ADA)-гийн үнэд эерэгээр тусч дээрх койнууд тус бүр 20%+ өсөв. Мөн Үнэт цаасны хороо Stacks (STX) токены эх блокчэйн Hiro-д оруулсан 3 жилийн хяналт, шалгалтаа өнгөрсөн Баасан гарагт зогсоосны улмаас STX токены үнэ 21.5%-иар өсөв.

www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.

Үнэ ойрдоо яах вэ?

Хэдийгээр крипто зах зээл дээрх шалтгаануудын нөлөөгөөр сэргээд байгаа боловч Mt.Gox биржийн хэрэглэгчид 9 тэрбум ам.долларын үнэ бүхий биткойноо гар дээрээ бүрэн аваагүй байна. Ийм нөхцөлд үнийн уналт болох магадлал байсаар байгаа билээ.

Дампуурсан FTX биржийн хэрэглэгчид нийт 11 тэрбум орчим ам.долларыг (криптогоор биш фиат мөнгөөр буюу ам.доллараар) энэ оны сүүлийн хагаст буцаан авах боломжтой байгаа билээ. АНУ-ын Дампуурлын шүүхээс дээрх мөнгө буцаалтыг зөвшөөрсөн тухай шийдвэр гарснаас 60 хоногийн дотор олгогдох дээрх мөнгөн хөрөнгийн багагүй хэсэг нь крипто руу хөрөнгө оруулалт хэлбэрээр орно гэж таамаглаж байна. Хэрэв ингэж чадвал үнийг өсгөх нэгэн чухал түлхэц болно гэж таамаглаж байна.

Мөн өнгөрсөн сард инфляц буурч жилийн инфляц 3%-д хүрснээр АНУ-ын төв банк энэ 9-р сард бодлогын хүүг бууруулах магадлалыг өсгөв. Энэ нь мэдээж зах зээлд сайн мэдээнд тооцогдож байна.

Техник анализ хийж харвал биткойн Д.Трампийн амийг хөнөөх оролдлогоос хойш буюу сүүлийн 2 өдөрт үнэ нийлүүлэлтийн хөндлөн бүсийг дээш сэтлэн өсөлтийн трендийг эхлүүлээд байна. Яг одоогийн байдлаар үнэ 63,000-63,500 ам.долларын эсэргүүцлийн чухал бүст тулж ирсэн бөгөөд хэрэв энэ бүсийг сэтэлж чадвал үнэ 71,500 ам.долларын дараагийн эсэргүүцлийн бүс рүү ч хүрч өсөх магадлалтай байна.

BTC үнийн өдрийн чарт

Зах зээлийн сентимент ямар байна?

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 52 (Neutral) үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 28 (Fear) байсантай харьцуулахад зах зээлийн сентимeнт “bullish“ төлөвт шилжсэн байна.

 

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!