- Корэкс
- Posts
- Крипто зах зээлд өнгөрсөн долоо хоногт юу болов?
Крипто зах зээлд өнгөрсөн долоо хоногт юу болов?
Байгууллагын хөрөнгө оруулагчид биткойнийг short-лохоо зогсоож байна
Өнгөрсөн долоо хоногт гарсан Coinshares-ийн тайланд томоохон крипто сангууд сүүлийн 3 сарын хугацаанд анх удаагаа биткойнийг short-лохоо зогсоож байгаа тухай дурджээ. Short-лоно гэдэг нь товчхондоо криптовалютийн үнийн уналтаас ашиг олохыг хэлдэг.
Coinshare-ийн тайланд дурдсанаар Grayscale зэрэг томоохон крипто сангууд биткойний short арилжаануудаа хаан, ашгаа аваад гарч байгаа ажээ. Тодруулбал өнгөрсөн долоо хоногийн өмнөх долоо хоногт байгууллагын хөрөнгө оруулагчид 111 сая ам.долларын үнэ бүхий биткойнийг биржийн хэтэвчнээсээ татан авсан байна. Биржийн хэтэвчнээс криптовалютаа хувийн хэтэвч рүүгээ татан авахыг крипто зах зээлд “bullish“ дохио, харин хувийн хэтэвчнээсээ биржийн хэтэвч рүү шилжүүлэхийг зарах зорилгоор хийгдэж буй “bearish“ дохио гэж үздэг.
2023 оны 8 дугаар сарын 14-ний Даваа гарагийн 17:47 цагийн байдлаар биткойний үнэ USDT29,389 (фючерс үнэ) байна. Биткойний хувьд том цаг дээр “ascending triangle” буюу өгсөж яваа гурвалжин паттерн (онолын хувьд “bullish“ паттерн) үүсгэж байгаа бөгөөд үнэ 200EMA буюу сүүлийн 200 өдрийн үнийн дунджийн дээр байрлалтай байна.
Биткойний өдрийн чарт
Алткойнууд
Зах зээлийн үнэлгээгээр эхний 30-д орох алткойнуудын хувьд ихэнх нь хүчтэй уналтыг үзүүлсэнгүй. Харин Баасан гарагийн байдлаар Solana (SOL) 8.5%, Toncoin (TON) 10.1%, Shiba Inu (SHIB) 17.8%-ийн өсөлт үзүүлэв. Өнгөрсөн долоо хоногт алткойнуудаас Shiba Inu (Shib) анхаарлын төвд байлаа. Учир нь тус койныг хөгжүүлэгчид Shiba Inu-г “meme” койныг статусаас нь гаргаж layer-2 төрлийн “defi” буюу төвлөрсөн бус санхүүгийн платформ болгохоор зарлаад байгаа билээ.
Этэриумын үнэ 8 дугаар сарын 14-ний Даваа гарагийн байдлаар USDT1849.14 (фючерс үнэ) байна.
Этэриумийн өдрийн чарт
Эх сурвалж:
АНУ-ын өргөн хэрэглээний үнийн индекс өнгөрсөн сард 3.2% өсөлттэй гарав
АНУ-ын өнгөрсөн 7 дугаар сарын хэрэглээний үнийн индекс 3.2%-ийн өсөлттэй гарав. Энэ нь 6 дугаар сарын инфляцийн өсөлтөөс 0.2%-иар өсөв. Гэхдээ 3.3%-ийн зах зээлийн хүлээлтээс бага гарлаа. Инфляц ийнхүү хүлээлтээс бага өсөлттэй гарсантай холбогдуулан Холбооны нөөцийн сан (Төв банк) бодлогын хүүгээ ирэх 9 дүгээр сард нэмэхгүй гэсэн таамгийг зах зээлийн шинжээчид дэвшүүлж байна. Инфляцийн дээрх мэдээ нь биткойн болон алткойнуудын үнэд бодитой нөлөө үзүүлсэнгүй.
Эх сурвалж:
Paypal стэблкойн гаргав
Өнгөрсөн долоо хоногийн бас нэг анхаарал татсан зүйл бол онлайн төлбөр тооцооны Paypal компани өөрийн стэблкойн (PYUSD)-г гаргаж буйгаа өнгөрсөн Даваа гарагт олон нийтэд зарлав. PYUSD нь ам.доллар, АНУ-ын Засгийн газрын богино хугацааны бонд зэргээр баталгаажсан бөгөөд ханш нь ам.доллартай 1:1 итгэлцүүрээр тогтох ажээ. АНУ Стэблкойний тухай хуулиа баталж амжаагүй энэ үед тус улсын томоохон компани (67.5 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй) Paypal ийнхүү стэблкойн гаргасан нь олны анхаарлыг татав.
Эх сурвалж:
Бразилийн төв банкны цахим мөнгө ирэх онд хэрэглээнд нэвтэрнэ
Бразилийн төв банкны цахим мөнгө 2024 оны эцсээр хэрэглээнд нэвтрэх юм байна. Тус улс энэхүү цахим мөнгөндөө DREX гэж нэр өгснөө өнгөрсөн долоо хоногт зарлав. DREX-ийн гол зорилго нь тус улсын иргэдэд санхүүгийн үйлчилгээг илүү үр нөлөөтэйгөөр үзүүлэх ажээ. Тухайлбал иргэд DREX ашигласнаар зээл авах, хөрөнгө оруулах, даатгалын үйлчилгээ авах үйл явц илүү хялбар болох ажээ.
Эх сурвалж:
Байнанс бирж Эль Салвадорт тусгай зөвшөөрлөө авав
Байнанс бирж Эль Сальвадор улсад крипто биржийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлүүдээ авч дууссан байна. Тухайлбал Биткойний үйлчилгээ эрхлэх ба Цахим хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлүүд үүнд хамаарна. Ингэснээр Байнанс бирж нь тус улс дахь хамгийн анхны дээрх зөвшөөрлүүдийг авсан крипто бирж болсон байна. Байнанс бирж Эль Салвадорыг оруулаад дэлхийн 18 улсад крипто биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ажээ.
Эх сурвалж:
Үнэт цаасны хороо шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн давж заалдана
АНУ-ын Үнэт цаасны хороо Ripple компанийн XRP койны асуудлаар Нью-Йоркийн Өмнөд дүүргийн шүүхийн шүүгч Аналиса Торрес-ийн гаргасан шийдвэрийг давж заалдана гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдэв. Гэхдээ уг шүүхийн шийдвэрийн агуулгыг бүхэлд нь бус харин “Ripple компани XRP койноо биржээр олон нийтэд зарсан явдал нь Үнэт цаасны тухай хууль зөрчөөгүй” гэсэн хэсгийг давж заалдах ажээ.
Эх сурвалж:
Visa card-аар этэриумийн гүйлгээний шимтгэл (gas fee)-ээ төлж болно
Этэриумаар гүйлгээ хийж байгаа хүмүүс гүйлгээний шимтгэл төлдөг. Энэхүү шимтгэл нь харьцангуй үнэтэй бөгөөд тухайн гүйлгээ хийгчийн хэтэвчин дэх этэриумаар шимтгэл төлөгддөг. Этэриум сүлжээн дэх уг шимтгэл төлөх төвөгтэй процессийг хөнгөвчилж, хэрэглэгчдэд илүү хялбар болгох үүднээс Visa саrd-ийн зүгээс иргэд гүйлгээний шимтгэлээ шууд өөрийн картаараа, фиат мөнгөөр хийх шинэ боломжийг бүрдүүлж байгаа ажээ. Visa card-ийн зүгээс холбогдох туршилтыг хийж дууссан байна.
Эх сурвалж:
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!