• Корэкс
  • Posts
  • Крипто зах зээлийн өнөөгийн байдал

Крипто зах зээлийн өнөөгийн байдал

Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлууд

“8 өдрийн цонх” нааштай мэдээ дагуулсангүй 

АНУ-ын Үнэт цаасны хороо биткойны спот ETF гаргах 12 компанийн хүсэлтийг хуулиар тогтоосон эцсийн хугацаанаас өмнө буюу энэ 11-р сарын 9-нөөс 17-ны хооронд батлах боломж байсан нь криптовалютын үнэ үргэлжлэн өснө гэсэн итгэл, найдварыг хөрөнгө оруулагчдад төрүүлээд байсан билээ. Тийм ч учраас хөрөнгө оруулагчид дорвитой заралт хийсэнгүй. Тэгвэл Үнэт цаасны хороо дээрх хугацаанд ямар ч ETF-ийн хүсэлтийг баталсангүй. Харин эсрэгээрээ Global X, Franklin Templeton, Hashdex зэрэг компаниудын биткойны ETF гаргах эхний хүсэлтүүдийг хойшлуулав.

10-р сард инфляцийн өсөлт бага гарав

АНУ-ын инфляцийн жилийн түвшин өнгөрсөн 10 дугаар сард 3.2%-тай гарав. 9-р сард жилийн инфляц 3.7% байсантай харьцуулахад өнгөрсөн сард өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт буурчээ. Одоогоор бодлогын хүү 5.25-.5.50% байгаа бөгөөд ирэх 12 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд болох Холбооны нөөцийн сангийн Нээлттэй зах зээлийн хороо (FOMC)-ны ээлжит хурлаар бодлогын хүүгийн түвшингийн талаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

АНУ-ын сар бүрийн инфляцийн өсөлтийн мэдээ

Moonvember буюу 11-р сард биткойн 5.59%-ийн өсөлттэй явна.

Өнгөрсөн 10 дугаар сар (Uptober гэх)-д биткойны үнэ 28.37%-иар өссөн. Харин крипто коммюнитигийн хэлж заншсанаар “MoonVember“ буюу 11-р сард биткойны үнэ одоогийн байдлаар 5.59%-иар өсөлттэй явна.

Крипто үнэ: Өнгөрсөн долоо хоногт биткойны үнэ 37,900 ам.доллараас 34,800 ам.долларын хооронд хэлбэлзэж өнгөрөв. Ялангуяа долоо хоногийн дунд хүчтэй уналт, өсөлт ээлжлэн явагдсан ч долоо хоногийн төгсгөлийг 0% өсөлттэй хаав.

Үнийн 7 хоногийн график харвал сүүлийн 5 долоо хоног өсөлттэй байсан биткойн тодорхой хэмжээгээр унаж pullback хийж магадгүй гэсэн таамагтай байна.

Өнөөдөр буюу Даваа гарагийн 18:35 цагийн байдлаар BTC спот үнэ 37,173 ам.доллар байна.

BTC үнийн 7 хоногийн график

Алткойнууд: Өнгөрсөн долоо хоногийн хамгийн өндөр өсөлттэй алткойнуудыг Avalanche (AVAX) 48% болон Thorchain (RUNE) нар 46%-ийн өсөлттэйгээр тэргүүлэв. AVAX койн өссөн шалтгаан нь АНУ-ын хамгийн том хөрөнгө оруулалтын банкуудын нэг болох JPMorgan Chase хөрөнгө токенжуулахдаа Avalanche блокчэйнийг ашигласан тухайгаа зарласантай холбоотой.

Өнгөрсөн долоо хоногийн топ алткойнууд

Өнгөрсөн долоо хоногийг “meme“ койнууд болох Dogecoin, Shiba inu койнууд 4% болон 2.5% өсөлттэйгээр хаав. Dogecoin-ий хувьд долоо хоногийн дундуур 30% хүртлээ өсөөд унав. Филиппиний алдарт боксчин Manny Pacquiao өөрийн үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагадаа хөрөнгө босгох болон бусад үйл ажиллагаанд Shiba Inu-гийн этэриум суурьтай layer-2 блокчэйн сүлжээ болох Shibarium-ийг ашиглах болсноо Лхагва гарагт зарласны дараа үнэ 6% хүртлээ өссөн.

Этэриум (ETH)-ийн хувьд үнэ өнгөрсөн долоо хоногт үнэ уналттайгаар хаагдав. Өнөөдөр буюу Даваа гарагийн 18:35 цагийн байдлаар ETH спот үнэ 2,033 ам.доллар байна.

АНУ-ын хөрөнгийн менежментийн томоохон компани Fidelity investment өнгөрсөн Пүрэв гарагт спот этэриумийн ETF гаргах хүсэлтээ Үнэт цаасны хороонд гаргав. Ингэснээр Blackrock, Nomura-гийн араас этэриумын спот ETF гаргах хүсэлтээ өгсөн зах зээлийн томоохон тоглогчоор боллоо.

ETH үнийн 7 хоногийн график

Solana (SOL)-ийн сүүлийн 4 долоо хоног эрчимтэй өсөөд байсан үнэ тогтворжив. Өнөөдөр буюу Даваа гарагийн 18:44 цагийн байдлаар нэгж SOL үнэ 60.52 ам.доллар байна.

SOL-ийн үнийн 7 хоногийн график

Зах зээлийн сентимент ямар байна вэ?

Өнөөдрийн байдлаар крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал Айдас ба шуналын индексийн дагуу 69 гэсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт нь энэ үзүүлэлт 72 байсан бөгөөд өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулагчдын итгэл үл ялиг багассан байна. Өнгөрсөн сард 47 байсантай харьцуулахад хөрөнгө оруулагчдын итгэл энэ сард эрс нэмэгджээ.

Тайлбар: Айдас ба шуналын индекс хэмээх энэхүү индикатор нь зах зээл дэх хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйг 0-100 гэсэн үзүүлэлтээр хэмждэг. Тодруулбал 1 гэсэн үзүүлэлт нь хөрөнгө оруулагчид “маш их айдас”-тай буюу хөрөнгө оруулалт хийх ямар ч сонирхолгүй эсвэл хийсэн хөрөнгө оруулалтаа зарахыг, эсрэгээрээ 100 гэсэн үзүүлэлт нь хөрөнгө оруулагчид “маш их” шуналтай буюу тухайн цахим хөрөнгийг худалдан авах сонирхол нь дээд цэгтээ хүрснийг илэрхийлнэ.

Айдас ба шуналын индекс / Крипто зах зээл

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!