• Корэкс
  • Posts
  • Биткойний үнэ 26,000 ам.долларын түвшинд тогтворжив

Биткойний үнэ 26,000 ам.долларын түвшинд тогтворжив

Өнгөрсөн долоо хоногт биткойний үнэ 26,000 ам.долларын үнийн бүс дээр тогтвортой байв. 2023 оны 8 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд болсон огцом уналтаас хойш нэмж хүчтэй унаагүй бөгөөд өнгөрсөн долоо хоногт ерөнхийдөө хажуугийн хөдөлгөөн үзүүлэв. Гэхдээ “Velocity“ буюу үнэ өөрчлөгдөж, савлах хурд биткойний хувьд өдрийн чарт дээр багасч 2020 оны түвшинд очсон байна. Ялангуяа долоо хоногийн эхээр болон сүүлээр савалгаа маш бага байлаа.

Үнэ ийнхүү тогтворжсон нь сайн ба муу 2 талтай. Үүнд:

Сайн тал: Халимнууд авахгүй байгаа ч зарах сонирхолгүй “hold“ хийж байна.

Муу тал: Шинэ хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байна. Оны эхний улиралд биткойн дээр шинэ хөрөнгө оруулагчид, шинэ мөнгө орж ирсэн бол одоо хөрөнгө оруулагчид “хүлээсэн“, “харзнасан байдалтай“ байна.

Шинэ хөрөнгө оруулагчид орж ирэх нь яагаад сайн бэ? Аль болох олон хөрөнгө оруулагч орж ирснээр биткойн шиг нийлүүлэлт нь тогтмол криптовалютийн хувьд “хомсдол” нэмэгдэнэ. Хомсдол нэмэгдсэнээр үнэ цэнэ өснө. Түүнчлэн шинэ хөрөнгө оруулагчид орж ирснээр “liquidity“ нэмэгдэх буюу бирж дээр арилжаачид хүссэн үнээрээ авах, зарах боломж өснө.

Зах зээлийн төлөв, сэтгэлзүйн ямар байна вэ?

Өнгөрсөн долоо хоногийн зах зээлийн сэтгэлзүй, хандлага 8 дугаар сарын 14-20-ны долоо хоногтой харьцуулахад үл ялиг дээрдсэнийг крипто зах зээл дэх Айдас ба шуналын индексээр энд харуулав.

Цаашид яах вэ?

Биткойний үнийн одоогийн хөдөлгөөнийг арилжааны техник анализид өргөн хэрэглэгддэг индикатор болох Relative Strength Index (Харьцангуй хүч чадлын индекс)-ийн дагуу өдрийн чарт дээр харвал BTC “хэт их худалдагдсан“ буюу “oversold“ байдалтай байна. Энэ нь уг индикаторын дагуу биткойн 2020 онд хүрсэн түвшинтэй адил “хэт худалдагдсан” байдлыг харуулж байгаа бөгөөд “худалдан авах“ момент дөхсөнийг харуулж байна. Гэхдээ үнэ “oversold“ бүст ирсэн нь үнэ эргэж өснө гэсэн баталгаа биш бөгөөд энэ бүстээ хичнээн ч удаж болно.

Зураг №1. Биткойний өдрийн чарт. RSI индикаторын үзүүлэлт чартны доор харагдана

Харьцангуй хүч чадлын индекс индикатор нь авах, зарах моментийг харуулдаг индикатор юм. Ингэхдээ сүүлийн 14 лааний үнийн хөдөлгөөнд анализ хийн 0-100 хүртэлх утгаар моментийг илэрхийлдэг. Хэрэв тухайн үнэ 70 түвшингээс дээш бол “Overbought“ буюу хэт их худалдан авалт хийгдсэн тул “зарах” момент ирснийг харин үнэ 30 түвшнөөс бага бол “oversold“ буюу хэт их зарагдсан тул “авах” цаг ирснийг харуулдаг.

Хэрэв үнэ одоогийн түвшнөөс доош унасан тохиолдолд үнэ дэмжлэг авч тогтох дараагийн эрэлтийн (support) бүс 25,000 ам.долларын бүс байна. Энэ бүс нь өмнө нь эсэргүүцлийн болон эрэлтийн хүчтэй бүс байсныг доорх өдрийн чартаас харж болно.

Зураг№2. Биткойний өдрийн чарт

8 дугаар сарын 28-ны Даваа гарагийн 19 цагийн байдлаар биткойний үнэ 25,964.2 ам.доллар (OKX биржийн фючерс үнэ) байна. 

Алткойнууд: Этэриум тэргүүтэй зах зээлийн үнэлгээ өндөртэй 30 алткойны хувьд өнгөрсөн долоо хоногт үнийн огцом уналт үзүүлээгүй, харьцангуй тогтвортой байлаа. Даваа гарагийн байдлаар 19 цагийн байдлаар ETH-ийн үнэ 1637.79 ам.доллар байна. Харин defi бирж Uniswap-ийн нэтив койн UNI 7.9%-иар, Avalanche (AVAX) 7.2%-иар унав. Өнгөрсөн 5-р сард огцом өссөн “meme” койн болох Pepecoin (PEPE)-ий үнэ өнгөрсөн долоо хоногт 23%-иар унав.

Зураг №3. Pepe койний өдрийн чарт. Өнгөрсөн долоо хоногийн уналтыг шараар тодруулав.

Ж.Байданы засаг захиргаа татварын шинэ журам гаргана

Крипто брокерууд арилжааны талаарх мэдээллээ татварын албанд мэдээлж байхыг үүрэг болгосон шинэ журмыг Ерөнхийлөгч Ж.Байдан засаг захиргаа гаргаж буйгаа өнгөрсөн Баасан гарагт мэдээлэв. Уг шинэ журмын гол зорилго нь крипто салбарын хөрөнгө оруулагчид татвар төлөхөөс зайлсхийх явдлаас сэргийлэх ажээ.  

Уг журмын төслийн дагуу “брокер” гэдэгт зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч биржүүд ороод зогсохгүй төлбөр тооцоо болон цахим хэтэвчний үйлчилгээ үзүүлэгч компаниуд хамаарах ажээ.

Дээрх журмын төслийг тус улсын зарим улс төрчид болон крипто салбарын инфлуенсерүүд шүүмжлэв. Тухайлбал Сенатын гишүүн хатагтай Э.Уоррен “хол явахгүй журам“ гэж бодож байгаагаа илэрхийлсэн бол крипто зах зээл судалгааны Мессари компанийн Гүйцэтгэх захирал Риан Селкис уг журам “АНУ дахь крипто зах зээлийн ирээдүйг бүрхэг болголоо“ хэмээн жиргэв.

Өмнөд Солонгос татвараа төлөөгүй иргэдийн криптовалютыг хураан авна

Өмнөд Солонгосын Cheongju хотын Санхүүгийн зохицуулах хорооноос тус улсад үйл ажиллагаа явуулдаг Upbit, Bithumb зэрэг төвлөрсөн 7 крипто биржид хандан дор хаяж 1 сая вон (750 ам.дол)-ы татварын өртэй 8520 гаруй иргэний криптовалют эзэмшлийн талаарх мэдээллийг өгөхийг хүссэн байна. Улмаар татвар төлөхөөс зайлсхийсэн дээрх иргэдийн криптовалютыг биржээс өгсөн мэдээлэлд үндэслэн өрөнд нь хураан авахаар болсон байна. Сүүлийн жилүүдэд Солонгосын татвар, санхүүгийн байгууллагууд төвлөрсөн крипто биржүүдтэй дээрх байдлаар нягт хамтран ажиллаж байгаа ажээ.

Мөн Нигери, Австрали зэрэг улс орнууд саяхан криптовалютад хөрөнгө оруулсан иргэдэд хамаарах татварын эрх зүйн зохицуулалтаа илүү боловсронгуй болгосон байна.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!