• Корэкс
  • Posts
  • Крипто зах зээл өнгөрсөн долоо хоногт

Крипто зах зээл өнгөрсөн долоо хоногт

Биткойн, этэриум болон бусад алткойны үнийн хөдөлгөөний тухай

Өнгөрсөн Даваа гарагт 25,000 ам.дол хүртэл унасан биткойний үнэ (cпот) Пүрэв гараг хүртэл 6%-иар өсөв. Пүрэв гарагаас хойш үнэ 26,300-аас 26,800 ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Сүүлийн 4 өдрийн турш 26,800 ам.долларын эсэргүүцлийн бүсийг сэтэлж чадаагүй биткойний хувьд энэ долоо хоногт ямар хөдөлгөөн үзүүлэх нь сонирхол татаж байна. Доорх зурагт биткойний өнгөрсөн долоо хоногийн үнийн хөдөлгөөнийг шараар тодруулав.

Долоо хоногийн график дээр сүүлийн 200 долоо хоногийн дундаж үнийн бүс нь чухал эрэлтийн буюу дэмжлэгийн бүс болсон хэвээр байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт үнэ уг 25,000 ам.долларын бүсийг шалгаад дээш өссөн.

Этэриум (ETH)-ийн хувьд биткойнтой харьцуулахад өнгөрсөн долоо хоногт үнийн өсөлт харьцангуй бага байлаа. Үүнийг этэриумын нийлүүлэлт 4000 гаруй этэриумаар нэмэгдсэнтэй холбож байна. Сүүлийн долоон өдрийн байдлаар 15,590 этэриум шатаагдаж, 11,651 этэриум шинээр бий болсон бөгөөд зөрүүнд нь ETH-ийн нийлүүлэлт 3,938-аар нэмэгдсэн байна.

Нэгж этэриумийн үнэ өнгөрсөн Даваа гарагт 1,530 ам.доллар хүртлээ унасан бөгөөд өнгөрсөн Бямба гарагт 1,650 ам.доллар хүртэл эргээд өссөн. 9 дүгээр сарын 18-ны Даваа гарагийн байдлаар үнэ 1,635 ам.доллар байна. Өнгөрсөн долоо хоногийн ETH-ийн үнийн хөдөлгөөнийг доорх зургаас харна уу.

Өнгөрсөн долоо хоногт цөөн тооны алткойн өсөлт үзүүлсэн бөгөөд эдгээрээс хамгийн их анхаарал татсан нь Toncoin байлаа. Тус койны хувьд өнгөрсөн долоо хоногт үнэ нь 30%-иар өсөв. Toncoin-ий толгой компани болох Telegram өөрийн мессеж чатны апп-даа web3 хэтэвч нэгтгэсэн тухай мэдээ Лхагва гарагт гарснаар үнэ ийнхүү өсөв. 8.3 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээ бүхий тус койн нь нийт криптовалютууд дотор үнэлгээгээрээ 9-р байрт явж байна.

Техник анализ талаас нь харвал тус койн одоо 2.5 ам.долларын эсэргүүцлийн буюу нийлүүлэлтийн бүст тулж ирээд байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн 30%-ийн дээрх өсөлтийн дараа арилжаачид, хөрөнгө оруулагчид ашгаа аван гарснаар үнэ тодорхой хэмжээгээр унах магадлалтай байна. Тонкойны өдрийн графикийг дор оруулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногийн өсөлтийг шараар тодруулав.

Зах зээлийн ерөнхий хандлага (сентимент) ямар байна вэ?

Өнгөрсөн долоо хоногт зах зээлийн хандлага өмнөх долоо хоногоос арай дээрдэв. Тухайлбал 9 дүгээр сарын 4-10-ны долоо хоногт крипто зах зээл дэх Айдас, шуналын индексийн үзүүлэлт 40 байсан бол өнгөрсөн долоо хоногт 46 болж нэмэгдэв. Гэсэн хэдий ч крипто зах зээл дэх хөрөнгө оруулагчдын хандлага ерөнхийдөө айдастай, эргэлзээтэй хэвээр байсаар байна.

АНУ-ын 8-р сарын инфляц хүлээлтээс өндөр гарав

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын макро эдийн засгийн чухал тоо, статистикууд гарав. Тухайлбал инфляцийн сарын өсөлт эдийн засагчдын тооцоолж байсны дагуу 0.6%-иар өсөв. Мөн жижиглэн худалдааны хэмжээ өнгөрсөн сард 0.6%-иар өссөн байна. Ажилгүйдлийн тэтгэмж авахаар хүсэлт гаргагсдын тоо өнгөрсөн долоо хоногт багассан үзүүлэлттэй гарсан байна. Жижиглэн худалдааны хэмжээ өссөн, хүлээлтээс бага хүн ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлөө өгсөн, мөн инфляц буураагүй зэрэг нь АНУ-ын төв банкны инфляцийн эсрэг бодлого өнгөрсөн сард нааштай үр дүн өгөөгүй харагдаж байна. Ирэх долоо хоногт Холбооны нөөцийн сан хуралдах бөгөөд бодлогын хүүг нэмэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Зах зээлд үүссэн хүлээлтийн дагуу тус улсын төв банк бодлогын хүүгийн одоогийн 5.25-5.50% түвшинг бууруулахгүй гэж үзэж байна. Инфляцийн өсөлтийн гол шалтгаан нь АНУ дахь шатахууны үнийн өсөлт ажээ. Дээрх мэдээнүүд нь биткойн болон алткойнуудын үнэд төдийлөн нөлөө үзүүлсэнгүй.

Sony өөрийн блокчэйн сүлжээг үүсгэнэ

Японы Sony корпорацийн охин компани болох Sony Network Communications Сингапурын web3 технологийн компани болох Startale Labs-тай хамтран блокчэйн сүлжээ үүсгэх зорилго бүхий хамтарсан компанийг (90:10 хувьцаа эзэмшил бүхий JV) ирэх сард байгуулах тухайгаа өнгөрсөн Пүрэв гарагт зарлав.

Startale Labs нь Astar Network блокчэйн сүлжээг үүсгэсэн бөгөөд web3 технологийн салбарт амжилттай яваа компаниудын нэг юм. Тус хоёр компани энэ оны 2 дугаар сараас Web3-ийн инкубатор үүсгэх төслийг хамтран эхлүүлсэн бөгөөд Sony-гоос Startale-д 3.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг 6-р сард хийсэн байна.

Deutsche банк Taurus-тай стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг эхлүүлэв

Швейцарийн крипто финтек компани болох Taurus Германы Deutsche банктай өнгөрсөн Лхагва гарагт стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг эхлүүлснээ зарлав. Уг хамтын ажиллагааны дагуу Deutsche банк Тaurus-ийн технологи, туршлагад үндэслэн хөрөнгөөр баталгаажсан токен болон бусад төрлийн цахим хөрөнгө гаргаж өөрийн үйлчлүүлэгчдэдээ санал болгох ажээ. Мөн Taurus нь криптовалютын кастодианы үйлчилгээг тус банканд үзүүлэх юм байна.

Ингэснээр байгууллагын хөрөнгө оруулагчид Deutsche банкны дээрх үйлчилгээгээр дамжуулан цахим хөрөнгө, криптовалютын салбарт хөрөнгө оруулах боломж нээгдэж байна.

Ирэх долоо хоногт

АНУ-ын Холбооны Нөөцийн сан 9 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд болох ээлжит хурлаараа бодлогын хүүг нэмэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!