- Корэкс
- Posts
- Крипто зах зээлийн өнөөгийн байдал
Крипто зах зээлийн өнөөгийн байдал
Крипто үнэ
Биткойн (BTC): Өнгөрсөн долоо хоногт биткойний үнэ 34,000 ам.дол-аас 35,900 ам.долларын хооронд хэлбэлзэв. Сүүлийн 2 долоо хоногийн хугацааны өсөлтийн тренд дээрх үнийн бүст хүрээд, тогтворжив.
Өнөөдөр буюу Даваа гарагийн 16:00 цагийн байдлаар нэгж биткойний спот үнэ 34,900 ам.доллар байна. Биткойний үнийн өдрийн график харвал үнэ хэсэг хугацаанд хажуугийн хөдөлгөөн хийж байгаад доошоо 30-31,500 ам.долларын эрэлтийн бүс рүү унах, эсвэл одоо үүсгээд байгаа “ascending triangle” паттерныг дээш сэтлэн өсөх магадлалтай байна.
Үнэ өнгөрсөн оны 5 дугаар сараас хойш хамгийн дээд түвшиндээ хүрч өссөн ч 34,000 ам.долларын бүсээс доош унахгүй байгаа нь биткойн holder-ууд зарах сонирхолгүй байгааг илтгэж байгаа бөгөөд үнийн өсөлтийн тренд 40,000 ам.долларын бүс рүү үргэлжлэн өсөх ч магадлалтай байна. Мөн биткойний futures гэрээний open interest буюу гэрээний нийт үнийн дүн 15.83 тэрбум ам.долларт хүрсэн нь 2022 оны 6-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.
Биткойний үнийн өдрийн график
Этэриум (ETH): Этэриумын хувьд өнгөрсөн долоо хоногт үнэ нь 7% өсөв. Этэриумийн үнийн график (7 хоног)-ийг харвал хөндлөн нийлүүлэлтийн бүсээ 2 долоо хоногийн өмнө дээш сэтэлсэн бөгөөд одоо 1900 ам.долларын нийлүүлэлтийн бүст тулж ирээд байна.
ETH долоо хоногийн үнийн график
Он-чэйн дата мэдээллийн Lookonchain мэдээлсний дагуу нэгэн этэриум (ETH) халим 15,94 сая ам.долларын үнэ бүхий 8,698 ширхэг этэриумийг өөрийн хэтэвчнээс татсаныг крипто хэвлэлүүдэд үнэ өсөхийн дохио гэж үзэн онцолж байна. Уг халим дээрх буцаан таталтыг хийхээсээ өмнө 31.8 сая ам.долларыг этэриум худалдан авахаар Binance дахь хэтэвч рүүгээ хийсэн байжээ.
Aлткойнууд
Зах зээлийн үнэлгээгээр эхний 30-д ордог алткойнуудаас Solana (Sol) өнгөрсөн долоо хоногт 22,9%-ийн өсөлт үзүүлэв. SOL-ийн хувьд 10-р сарын 13-наас хойш бараг 100%-ийн өсөлтийг үзүүлээд байгаа бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд 43 ам.долларын “нийлүүлэлтийн бүс”-т тулаад үнэ тогтворжсон байдалтай байна.
Sol үнийн өдрийн график
Өнгөрсөн долоо хоногт Ripple (XRP) 11.4%, Cardano (ADA) 11.2%, Toncoin (TON) 9.2%-иар тус тус өсөв.
Зах зээлийн сентимент ямар байна вэ?
Крипто зах зээл дэх тоглогчдын айдас багасч, өөдрөг байдал нэмэгдэв. Өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу өөдрөг байдал 74 гэсэн үзүүлэлттэй байгаа нь өнгөрсөн долоо хоног (53)-оос илт сэргэсэн байна.
Бодлогын хүүгийн түвшинг хэвээр үлдээв
АНУ-ын Холбооны нөөцийн сангийн энэ 11 дүгээр сарын 1-нд болсон ээлжит хурлаар бодлогын хүүгийн одоогийн түвшин (5.25-5.50%)-г нэмэлгүйгээр хэвээр үлдээсэн байна. Энэхүү мэдээний нөлөөгөөр биткойн Лхагва гарагийн шөнө 4%-иар өссөн ч маргааш нь унаж өмнөх түвшиндөө очив.
Paypal тусгай зөвшөөрлөө авав
Онлайн төлбөр тооцооны Paypal компани Их Британийн Санхүүгийн зохицуулах хорооноос криптовалютын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлөө өнгөрсөн долоо хоногт авсан байна. Ингэснээр тус компани Их Британийн хэрэглэгчдэд криптовалютын үйлчилгээ үзүүлэх эрх зүйн чадамжтой болов. Тус компани Paypal USD хэмээх стэблкойныг энэ онд гаргаад байгаа билээ.
Coinbase бирж 3-р улирлын санхүүгийн тайлангаа танилцуулав
Coinbase бирж энэ оны 3-р улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тус компани өнгөрсөн улиралд 2.2 сая ам.долларын алдагдалтай ажилласан байна. Хэдийгээр алдагдалтай ажилласан ч шинжээчдийн таамагласнаас илүү сайн үр дүн үзүүлсэн байна (Өнгөрсөн жилийн 3-р улиралд 545 сая ам.долларын алдагдалтай ажилласан). Nasdaq бирж дээр арилжаалагддаг тус компанийн хувьцаа он гарснаас хойш 150% гаруй хувиар өсөөд байгаа билээ (Өнгөрсөн долоо хоногт гэхэд 10% өссөн). Хэдийгээр Үнэт цаасны хороотой энэ оны 6-р сараас эхлэн шүүхийн маргаантай байгаа хэдий ч тус компанийн хувьцааны үнэ өсөхөд олон хүчин зүйл нөлөөлжээ. Тухайлбал тус Blackrock тус компанийг биткойний спот ETF-ийнхээ кастодиан биржээр сонгосон, биткойний сүүлийн сарын үнийн өсөлтөөс хамааран арилжааны шимтгэлийн орлого нь нэмэгдсэн, USDC стэблкойныг гаргагч Circle-д хувь эзэмших болсон гэх мэт.
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!