• Корэкс
  • Posts
  • Крипто зах зээл өнгөрсөн долоо хоногт

Крипто зах зээл өнгөрсөн долоо хоногт

Binance ба CZ

Өнгөрсөн долоо хоногийн онцлох зүйл бол Binance биржийн Гүйцэтгэх захирал CZ-тэй холбоотой асуудал байв. Тодруулбал Binance бирж АНУ-ын Мөнгө угаалт, санхүүгийн гэмт хэрэг (терроризм санхүүжүүлэх гэх мэт)-тэй тэмцэх тухай хууль (Bank Secrecy Act)-ийг хэд хэдэн үндэслэлээр зөрчсөн гэдгээ өнгөрсөн Мягмар гарагт болсон шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн явдал байлаа. АНУ-ын хориг арга хэмжээнд байдаг Иран, Сири, ОХУ-ын мэдэлд байдаг Украйны газар нутаг, Палестинийн Хамас бүлэглэл, ISIS зэрэг террорист бүлэглэлүүдэд хамаарах крипто хэтэвчүүд рүү АНУ-аас олон сая ам.долларын гүйлгээнүүд Binance биржээр дамжин хийгдсэн нь нотлогджээ. Биржийн зүгээс дээрх сэжигтэй гүйлгээнүүдийн цаадах эзэн холбогдогчид болон сэжигтэй гүйлгээг эрх бүхий байгууллагуудад мэдэгдэх тухай хуулийн шаардлагуудыг биелүүлээгүй аж.

Binance биржийн CEO CZ Сиатл дахь Холбооны шүүхийн байрнаас гарч яваа нь

Дээрх зөрчлийг шийдвэрлэх талаар Binance бирж АНУ-ын Хууль зүйн яам, Сангийн яам, Бараа, таваарын фючерс арилжааны комисс зэрэг байгууллагуудтай дор дурдсан тохиролцоонд хүрсэн. Үүнд:

  • Binance бирж цаашид үйл ажиллагаагаа эрх бүхий байгууллагуудын хяналтын дор явуулна, гэхдээ 4.3 тэрбум ам.долларын торгууль төлнө;

  • CZ хувиасаа 50 сая ам.долларын торгууль төлнө;

  • CZ Binance биржийн хувьцааны хяналтын багцыг хэвээр эзэмшинэ, гэхдээ биржийн гүйцэтгэх захирлын ажлаа өгч, биржийн үйл ажиллагаанд дахин оролцохгүй;

  • CZ 18 сар хүртэлх хугацаагаар хоригдох ял эдэлж магадгүй;

  • Үнэт цаасны хороо Binance бирж болон CZ-гийн эсрэг энэ оны 6-р сард гаргасан шүүхийн нэхэмжлэлтэй хэргээс тусдаа, үүнтэй хамааралгүй;

CZ Сиатл хотын Холбооны шүүхэд 175 сая ам.долларын батлан даалт гаргаж суллагдсан бөгөөд 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөр товлогдсон шүүх хурлаас дор хаяж 14 хоногийн өмнө АНУ-д буцаж ирэх амлалт өгчээ. Канадын иргэншил бүхий CZ нь сүүлийн хэдэн жил Дубайд байнга оршин сууж байгаа аж. Арабын Нэгдсэн Эмират болон АНУ-ын хооронд Хэрэгтэн шилжүүлэх хэлэлцээр байгуулагдаагүй бөгөөд харин хууль сахиулах байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх гэрээ байдаг юм байна.

Үнэт цаасны хороо Kraken биржийн эсрэг нэхэмжлэл гаргав

АНУ-ын Үнэт цаасны хороо Kraken крипто биржийн эсрэг Даваа гарагт нэхэмжлэл гаргав. Нэхэмжлэлийн гол үндэслэл нь Coinbase, Binance-ийн эсрэг энэ оны 6-р дугаар сард гаргасантай адил буюу хуулиар "үнэт цаас”-т тооцогдох койн, токенууд (тухайлбал Algorand (ALGO), Polygon (MATIC), Near Protocol (NEAR))-ыг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүйгээр арилжаалсан гэж үзэж байгаа ажээ.

Kraken бирж нь АНУ-д үйл ажиллагаа явуулдаг бөгөөд арилжааны эргэлтийн хэмжээгээр Binance болон Coinbase-ийн дараа орох гуравдахь томоохон крипто бирж юм. Тус биржийн зүгээс Үнэт цаасны хорооны нэхэмжлэлийн агуулгыг үндэслэлгүй гэж үзээд шүүх дээр өөрийгөө хамгаалах тухайгаа X-ээр жиргэв.

Аргентин Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн биткойны үнийн өсөлтөд нөлөөлөв

Аргентин Улсын шинэ Ерөнхийлөгчөөр криптовалютыг дэмждэг Хавьер Милэй 11 дүгээр сарын 19-ний өдөр сонгогдсон нь биткойны үнийг 3%-иар буюу 37,350 ам.дол болж өсөхөд нөлөөлөв. Тэрээр “Төв банк бол залилан гэдгийг бид ойлгох ёстой. Биткойн бол мөнгийг анх бий болгосон хувийн хэвшилд нь буцаан өгч байгаа хэлбэр“ гэж хэлж байжээ.

 Крипто үнэ, ханш

Binance болон CZ-тэй холбоотой дээрх асуудлаас шалтгаалж биткойн болон алткойнуудын үнэ Мягмар гарагт унав. Тухайлбал биткойны хувьд Мягмар гарагт бараг 5% хувиар буюу 35,760 ам.дол хүртлээ унав. Гэсэн хэдий ч үнэ Лхагва гарагт эргэж өссөн бөгөөд Талархлын баярын өдөр буюу Пүрэв гарагт бага зэрэг унасан. Гэвч Баасан гарагт 38,400 ам.доллар хүрч өсөв. Ингэснээр үнэ 2022 оны 5-р сард болсон Luna-гийн уналтын үеийн түвшинд буюу сүүлийн 18 сарын хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрэв. Өнөөдөр буюу Даваа гарагийн 16:25 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 37,300 ам.доллар байна.

Биткойны үнийн 7 хоногийн график. Binance бирж спот BTC/USD хослол

Техник анализ талаас нь харвал биткойны үнэ 35,500-38,000 ам.долларын нийлүүлэлтийн бүст сүүлийн 3 долоо хоногийн хугацаанд тогтворжоод байна. Хэрэв энэ бүст удах тусам доош унах магадлал нэмэгдэх бөгөөд хэрэв унасан тохиолдолд дараагийн эрэлтийн гол бүс нь 31,000-32,000 ам.долларт байна.

Алткойнууд: Этэриум (ETH)-ийн хувьд мөн адил сүүлийн 18 сарын хамгийн дээд түвшиндөө буюу 2,130 ам.долларт өнгөрсөн Баасан гарагт хүрэв. Техник анализ талаас нь харвал ETH үнэ сүүлийн 3 долоо хоногийн хугацаанд нийлүүлэлтийн гол бүст ирэн тогтворжоод байгаа юм (Биткойнтой адил). Хэрэв үнэ унасан тохиолдолд хөндлөн эрэлтийн бүсийг шалгах магадлалтай байна.

ETH спот үнийн долоо хоногийн график. Binance бирж

Binance биржийн дээрх асуудалтай холбоотойгоор Binance койн (BNB)-ы үнэ 14.4%-иар унав. Даваа гарагийн байдлаар нэгж BNB койны үнэ 228.9 ам.доллар байна.

BNB койны үнийн сарын график

Өнгөрсөн долоо хоногт зөвхөн койн, токенууд гэлтгүй зарим крипто чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааны үнэ ханш мөн өсчээ. Тухайлбал NASDAQ бирж дээр арилжаалагддаг Coinbase биржийн хувьцаа (COIN)-ны үнэ Баасан гарагийн өдрийн арилжаагаар 115.54 ам.долларт хүрч 6%-ийн өсөлттэйгөөр хаагдсан байна. Мөн “биткойн халим” Microstrategy (MTSR)-ийн нэгж хувьцааны үнэ 520,24 ам.долларт хүрч 2.43% өсөлттэй хаагдсан байна.

Зах зээлийн сентимент ямар байна вэ?

Өнөөдрийн байдлаар крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал Айдас ба шуналын индексийн дагуу 66 гэсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт нь энэ үзүүлэлт 69, харин өчигдөр буюу Ням гарагт 73 байжээ. Энэхүү үзүүлэлт бага зэрэг буурсан шалтгаан нь Ням гарагийн үдээс хойшоос эхлэн үнэ унаж эхэлсэнтэй холбоотой. Өнгөрсөн сард 47 байсантай харьцуулахад хөрөнгө оруулагчдын итгэл энэ сард эрс нэмэгджээ.

Тайлбар: Айдас ба шуналын индекс хэмээх энэхүү индикатор нь зах зээл дэх хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйг 0-100 гэсэн үзүүлэлтээр хэмждэг. Тодруулбал 1 гэсэн үзүүлэлт нь хөрөнгө оруулагчид “маш их айдас”-тай буюу хөрөнгө оруулалт хийх ямар ч сонирхолгүй эсвэл хийсэн хөрөнгө оруулалтаа зарахыг, эсрэгээрээ 100 гэсэн үзүүлэлт нь хөрөнгө оруулагчид “маш их” шуналтай буюу тухайн цахим хөрөнгийг худалдан авах сонирхол нь дээд цэгтээ хүрснийг илэрхийлнэ.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!