- Корэкс
- Posts
- Крипто зах зээлийн өнөөгийн байдал
Крипто зах зээлийн өнөөгийн байдал
Крипто үнэ
Биткойн (BTC): Өнгөрсөн долоо хоногт нэгж биткойны үнэ 37,900 ам.долларт хүрснээр сүүлийн 18 сарын хамгийн дээд үнэдээ очив. Үнийн энэхүү өсөлтийн гол шалтгааныг шинжээчид биткойны спот ETF гарна гэж итгэсэн хөрөнгө оруулагчдын өөдрөг байдалтай холбож байна.
Одоогоор АНУ-ын Үнэт цаасны хороо Blackrock-ийн iShares, Grayscale Bitcoin Trust, Ark Invest-ийн Ark 21Shares гэх мэт нийт 12 компанийн биткойны ETF гаргах хүсэлтийг хүлээж аваад байгаа.
Хэдийгээр Үнэт цаасны хороо дээрх хүсэлтүүдэд хариу өгөх эцсийн хугацаа нь 2024 оны эхний улиралд (Жишээ нь Ark Invest-ийн хүсэлтэд 2024 оны 1-р сарын 10-ны өдөр, BlackRock-ийн хүсэлтэд 2024 оны 3-р сарын 15-ны өдөр хариу өгөх эцсийн хугацаатай) байгаа боловч энэ 11-р сарын 8-наас 17-ны хооронд хариу өгөх боломж (window) байгаа тухай крипто мэдээний Decrypt мэдээлэв. Крипто салбарын хөрөнгө оруулагчид дээрх 9 хоногт Үнэт цаасны хороо хариу өгөх боломжтой гэж үзсэн тул үнэ бараг 38,000 ам.доллар хүртэл өссөн байх гэсэн таамгыг зарим шинжээчид дэвшүүлжээ.
Биткойны үнэ сүүлийн 4 долоо хоногийн турш дараалан өсөөд байна. Техник анализ талаас нь харвал хөрөнгө оруулагчид ашгаа авах зорилгоор зарснаар “pullback” буюу түр хугацааны үнийн уналтыг үзүүлэх магадлалтай. Хэрэв ийнхүү унасан тохиолдолд дараагийн эрэлтийн гол бүс нь 31,000-31,500 ам.долларын үнийн бүс байна. Гэсэн хэдий ч bitcoin-ий хувьд үнэ унана гэж магадлал дэвшүүлэн “short” арилжаа хийх нь FOMO үүсч буй өнөөгийн нөхцөлд багагүй эрсдэл дагуулж байна (“short squeeze” буюу үнэ унах биш өссөнөөр short арилжаа хийсэн хүмүүс зарсан койн, токеноо буцааж худалдаж авснаар үнэ нь улам өсдөг) байна.
Өнөөдрийн 13:52 цагийн байдлаар нэгж BTC-ийн спот үнэ 36,878 ам.доллар байна.
Биткойны үнийн 7 хоногийн чарт. Тайлбар: 1 лаа нь нэг 7 долоо хоногийн үнийн хөдөлгөөнийг илэрхийлнэ.
Этэриум (ETH): Этэриумийн хувьд үнэ өнгөрсөн долоо хоногт 14% өсөв. Үнэ энэ оны 4-р сараас хойш анх удаа 2,100 ам.долларын босгыг давав. Өнөөдрийн 13:51 цагийн байдлаар нэгж ETH-ийн спот үнэ 2,038.97 ам.доллар байна.
АНУ-ын хөрөнгийн менежментийн компани Blackrock өнгөрсөн долоо хоногт iShares Ethereum Trust гэх этэриум (ETH)-ийн спот үнэтэй уягдсан ETF (биржээр арилжих сан) гаргахаар АНУ-ын Делавэр мужид бүртгүүлсэн байна.
Үүнтэй зэрэгцээд Японы хамгийн том хөрөнгө оруулалтын банк Номура өөрийн Laser Digital хэмээх цахим хөрөнгийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг охин компаниараа дамжуулан байгууллагын хөрөнгө оруулагчдад зориулсан Этэриумд суурилсан сан байгуулж байгаагаа 11-р сарын 9-ний өдөр зарлав.
Бусад алткойнууд: Өнгөрсөн долоо хоногт хамгийн өндөр өсөлттэй, зах зээлийн үнэлгээгээр эхний 30-д орох алткойнуудыг Solana (SOL) тэргүүлэв. SOL өнгөрсөн долоо хоногт 40% өсч 2023 оны шинэ дээд үнэ (58 ам.дол)-ийг тогтоосон бөгөөд сүүлийн нэг сарын хугацаанд 150% өсчээ.
SOL-ийн үнэ ба FTX-ийн нөлөө: Дампуурсан FTX биржийн баланс дээрх хөрөнгийн хэмжээ 7 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Үүнд Багамын арлууд дахь олон тооны үл хөдлөх хөрөнгүүд, бэлэн мөнгөнөөс гадна 1.16 тэрбум ам.доллараар үнэлэгдэх Solana (SOL) койн, 560 сая ам.долларын үнэ бүхий биткойн (BTC) байгаа юм. Тодруулбал тус компанид нийт 55.8 сая SOL байгаа бөгөөд үүний 75% нь буюу 42.2 сая SOL түгжээтэй (locked) байгаа ажээ.
Delaware мужийн шүүхийн шийдвэрийн дагуу нийт 55.75 сая SOL токеныг зах зээл дээр зарж борлуулах эрхийг FTX биржид (шинэ удирдлага бүхий) 2023 оны 9-р сард өгсөн. Энэхүү шийдвэр нь SOL-ийн үнийг “dump” хийнэ гэсэн айдсыг хөрөнгө оруулагчдөд төрүүлээд байсан билээ. FTX-ийн зүгээс нийт 30 сая ам.долларын үнэ бүхий 750,000 ш SOL-ийг зарах зорилгоор Binance, Kraken биржүүд рүү 11-р сарын 6-ны өдөр шилжүүлсэн. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд өдөр бүр 250,000-750,000 SOL токен зарагдсан хэдий ч энэхүү заралт SOL-ийн үнийн өсөлтийг зогсоож чадсангүй.
SOL-ийн долоо хоногийн үнийн график
Зах зээлийн үнэлгээгээр эхний 30-д орох алткойнууд дотроос өнгөрсөн долоо хоногт SOL-ийн дараа орох бас нэгэн онцлох алткойн бол Chainlink (LINK) байлаа. Учир нь тус койн сүүлийн нэг сар гаруйн хугацаанд 120% өсөөд байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт гэхэд 33% өсөв.
LINK долоо хоногийн үнийн график
Chainlink нь төвлөрсөн бус оракл-уудын сүлжээний тусламжтайгаар бодит амьдрал дээрх дата мэдээллийг (тухайлбал хувьцааны үнэ ханш, цаг агаарын мэдээ гэх мэт) блокчэйн дээрх ухаалаг гэрээ рүү дамжуулдаг технологийн шийдэл юм. Бодит ертөнц дээрх мэдээллийг блокчэйн өөрөө хүлээн авч чадахгүй тул оракл-ууд блокчэйн дэх ухаалаг гэрээнүүдийг ийм боломжоор хангадаг. Товчоор хэлбэл оракл гэдэг нь офф-чэйн мэдээллийг он-чэйн рүү хувиргадаг програм хангамж бөгөөд олон оракл-ууд бүхий сүлжээг ашиглан бодит мэдээллийг блокчэйн рүү хөрвүүлж, дамжуулдаг.
Chainlink нь Cross-Chain Interoperability Protocol (CCIP) буюу хоорондоо ялгаатай блокчэйнүүд хооронд дата мэдээлэл, токен шилжүүлэх протоколыг үүсгэсэн. LINK токены үнэ ойрд өсөлттэй байгаа шалтгаан нь Их Британийн үүрэн холбооны Vodafone компани Chainlink-тэй хамтран ажиллахаар өнгөрсөн 10 дугаар сарын сүүлээр тохирсон тухай мэдээ гарсантай холбоотой. Тус компани нь Chainlink-ийн CCIP технологийг ашиглан олон улсын худалдааны салбар дахь баримт бичиг дамжуулах процессийг сайжруулахаар төлөвлөж байгаа ажээ.
Биткойны үнийн өсөлтийн нөлөөгөөр бусад алткойнуудын үнэ дагаад өссөн бөгөөд өнгөрсөн сард хамгийн өндөр өсөлт үзүүлсэн алткойнуудыг Thornchain төвлөрсөн бус биржийн нэтив токен RUNE 179%-ийн өсөлттэйгээр тэргүүлэв.
Зах зээлийн сентимент ямар байна вэ?
Өнөөдрийн байдлаар крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал Айдас ба шуналын индексийн дагуу 72 гэсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт нь энэ үзүүлэлт 74 байснаас үл ялиг багассан байна. Өнгөрсөн сард 47 байсантай харьцуулахад хөрөнгө оруулагчдын итгэл энэ сард эрс нэмэгджээ.
Тайлбар: Айдас ба шуналын индекс хэмээх энэхүү индикатор нь зах зээл дэх хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйг 0-100 гэсэн үзүүлэлтээр хэмждэг. Тодруулбал 1 гэсэн үзүүлэлт нь хөрөнгө оруулагчид “маш их айдас”-тай буюу хөрөнгө оруулалт хийх ямар ч сонирхолгүй эсвэл хийсэн хөрөнгө оруулалтаа зарахыг, эсрэгээрээ 100 гэсэн үзүүлэлт нь хөрөнгө оруулагчид “маш их” шуналтай буюу тухайн цахим хөрөнгийг худалдан авах сонирхол нь дээд цэгтээ хүрснийг илэрхийлнэ.
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!