• Корэкс
  • Posts
  • Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал-Биткойний үнийн уналт

Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал-Биткойний үнийн уналт

Өнгөрсөн долоо хоногт крипто зах зээлд болсон онцлох үйл явдал бол биткойний үнийн уналт байлаа. Өнгөрсөн долоо хоногт 29,100 ам.дол-аас 29,670 ам.доллар (OKX биржийн фючерс үнэ)-ын хооронд хэлбэлзэж байсан биткойний үнэ Баасан гарагийн өглөө 24,100 ам.дол хүртлээ буюу 18.7% унав. 8 дугаар сарын 21-ний Даваа гарагийн байдлаар биткойний үнэ 26,061 ам.дол байна.

Техник анализ

Зураг№1. Биткойний өдрийн чарт

Биткойний үнийг өдрийн чарт харвал үнэ хөндлөн эрэлтийн бүс болон сүүлийн 200 өдрийн үнийн дунджийг Баасан гарагийн уналтаар доош сэтэлсэн байна. Хөндлөн эрэлтийн бүс нь худалдан авалтын хүчтэй бүс байсан бөгөөд дээрх чартад харагдаж байгаачлан үнэ өмнө нь 3 удаа уг бүсийг шалгаад эргээд өсч байжээ. Харин энэ удаа үнэ уг бүс дээр дэмжлэг авч чадсангүй.

Биткойний үнийн хөдөлгөөнийг 4 цагийн чарт дээр харвал Баасан гарагийн уналтаас хойш үнэ тогтон 25,880 ам.доллараас 26,300 ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Үнэ хажуугийн хөдөлгөөн (consolidation)-ийг аль болох удаан үзүүлнэ, аль нэг тийшээгээ хүчтэй савлах магадлал нэмэгдэнэ.

Үнийн уналтын шалтгаан юу вэ?

Дээрх үнийн уналтыг шинжээчид дараах 2 шалтгаантай холбож байна. Үүнд:

  1. Элон Маскийн эзэмшдэг сансрын технологийн SpaceX компани өөрийн балансан дээрх 373 сая ам.долларын үнэ бүхий биткойноо зарсан мэдээ (Эх сурвалж Cointelegraph).

  2. Хятадын Үл хөдлөх хөрөнгийн аварга компани болох Evergrande АНУ-д дампуурлаа зарласан тухай мэдээ.

Дээрх үнийн уналтаас болж “long“ арилжаанд хөшүүрэгтэй орсон байсан арилжаачид ойролцоогоор 1 тэрбум ам.долларын алдагдал (liquidation) хүлээсэн байна (Эх сурвалж Coindesk).

Зах зээлийн хандлага (market sentiment) ямар байна вэ?

Айдас, шуналын индексийн хэмжүүгээр крипто зах зээлд өнөөдөр айдас, эрсдлээс айх, болгоомжлох хандлага давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт крипто зах зээл ерөнхий хандлага “завсрын” байдалтай (50 оноотой) байсан бол өнөөдөр илүү “bearish“ болсон.

Цаашид яах вэ?

Крипто зах зээлд сэргэлт авчрах өндөр магадлалтай мэдээний нэг бол Үнэт цаасны хороо спот биткойний ETF бүтээгдэхүүнийг Америкийн хувьцааны зах зээлд гаргах зарим томоохон компаниудын хүсэлтэд нааштай хариу өгөх юм. Одоогийн байдлаар нэг ч компанийн хүсэлтэд нааштай хариу өгөөгүй байгаа бөгөөд 2023 оны 5 дугаар сард тавьсан АRK invest компанийн хүсэлтэд хариу өгөх хугацаагаа хойшлуулсан. Хуулийн дагуу Үнэт цаасны хороо хариугаа өгөх хугацаагаа 240 хүртэл хоногоор хойшлуулах эрхтэй ажээ. Тэгэхээр энэ оны 6 дугаар сард хүсэлтээ өгсөн Blackrock, Fidelity зэрэг компаниуд хариугаа энэ ондоо багтааж авах магадлал бага байгаа бөгөөд ирэх оны эхээр авна гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлж байна. Харин Европийн Холбоо энэ чиглэлд АНУ-аас түрүүлж алхаж байгаа нэгэн мэдээ гарсан нь Лондонд төвтэй цахим хөрөнгийн удирдлагын Jacobi компанийн спот биткойний Jacobi FT Wilshire Bitcoin (BCOIN) ETF бүтээгдэхүүн Амстердамын бирж дээр 8 дугаар сарын 15-ны өдрөөс арилжаалагдаж эхэлсэн байна.

Хятадын эдийн засгийн сулрал, үл хөдлөх хөрөнгийн салбар крипто зах зээлд нөлөөлөх үү?

Хятадын үл хөдлөх хөрөнгийн аварга компани Evergrande төлбөрийн чадваргүй байдалд орж, улмаар Америкт дампуурлаа зарласан нь АНУ-ын хувьцааны зах зээлд паник үүсгэж, хөрөнгө оруулагчид их хэмжээний “заралт” үүсгэсэн тухай дээр дурдсан. Зах зээл ерөнхийдөө уналттай үед хувьцааны зах зээл ба крипто зах зээлд үнийн хөдөлгөөн төстэй явагдах хандлагатай тул Evergrande-ийнх шиг дээрх мэдээ хувьцаагаар тогтохгүй, крипто зах зээлд ч цаашид сөргөөр нөлөөлж мэдэхээр байна.

Тэгвэл Evergrande бол зөвхөн эхлэл бөгөөд цаана нь Хятадын олон үл хөдлөхийн компани дампуурлаа зарлах магадлалтайг шинжээчид онцолж байна. Тухайлбал тус улсын бас нэгэн үл хөдлөхийн том компани болох Country Garden-ий зээлжих зэрэглэлийг Moody’s өнгөрсөн долоо хоногт бууруулсан байна. Мөн Хонконгийн Hang Seng index-ээс Country Garden-ийг гаргаж байгаа ажээ.

ЖИЧ: Evergrande анх 2021 оны 12 дугаар сард төлбөрийн чадваргүй болж “default“ зарлаж байхад тус компани нь "Too big to fail” тул Хятадын Засгийн газар “аварна” гэсэн найдлага байсан. Гэсэн хэдий ч дампуурлаа зарлав. Тус улсын үл хөдлөхийн салбарт сүүлийн жилүүдэд “хөөсрөлт“ явагдсанаас болж Засгийн газраас үл хөдлөхийн компаниудад олгодог санхүүжилтээ багасгах бодлого явуулж эхэлснээр Evergrande шиг томоохон барилгын компаниуд тэрбум тэрбум ам.долларын өртэй хоцорсон.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!