- Корэкс
- Posts
- Крипто зах зээлийн цаг үеийн мэдээ
Крипто зах зээлийн цаг үеийн мэдээ
Маргот Робби: Биткойн ярьдаг эрчүүд бол “Кенүүд“
Энэ зуны хамгийн их хүлээлттэй, хамгийн их ашиг олж буй “Barbie” киноны эмэгтэй гол дүрд тоглосон Австралийн жүжигчин Маргот Робби кино зураг авалтын үеэр биткойн ярьдаг байсан тус киноны хоёр эрэгтэй продюссорийг (нэг нь түүний нөхөр Том Акерли) хошигнон “Кeн“-үүд гэж нэрлэжээ. Кинон дээрх Барбигийн нөхөр Keнийн дүр бол хөнгөн хийсвэр бөгөөд биеэ тоосон эрийн дүр юм. Маргот Робби ийнхүү дэлгэцийн нөхөр Кенийг биткойнтой зүйрлэж хошигносныг крипто сонирхогчид, “бух”-нууд маань эерэгээр, “bullish“ байдлаар хүлээж авав.
“Биткойн халим” Michael Saylor хүртэл энэ талаар жиргэсэн байна.
Харин санхүүгийн хувьд бие даасан, хараат байхыг эрмэлзэгч Барбигийн дүр нь биткойний “төвлөрсөн бус” үзэл санаатай нийцэж байгаа тухай зарим сайтад дурджээ. Дашрамд хэлэхэд барби хүүхэлдэйг бүтээгч Mattel компани нь дэлхий дээрх хамгийн анхны NFT гаргасан хүүхдийн тоглоомын компани болсон бөгөөд Flow блокчэйн сүлжээн дээр Cryptoys хэмээх хүүхдийн цахим тоглоомын NFT платформыг 2022 онд үүсгэн байгуулсан.
Эх сурвалж:
Goldman Sachs: Хиймэл оюун ухааны салбарын хөрөнгө оруулалт 2025 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүрнэ.
2023 оны эхний хагасын байдлаар дэлхий даяар нийт 15.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт “ үүсгэгч хиймэл оюун ухаан“ (generative AI)-ын салбарт орсон тухай хөрөнгө оруулалтын судалгааны Pitchbook мэдээлэв. Үүний 65.8% буюу 10 тэрбум ам.долларыг Мicrosoft-ийн ChatGPT-д хийсэн хөрөнгө оруулалт дангаараа эзэлж байна. Microsoft-ийн дээрх хөрөнгө оруулалтыг хассан ч энэ салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оны эхний хагастай харьцуулахад 58%-иар нэмэгдсэн байна.
Хиймэл оюун ухааны гарааны компаниудад хийсэн хөрөнгө оруулалтын диаграм. Эх сурвалж: Pitchbook
АНУ-ын хувьцааны зах дээр хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцаа, ETF-үүд он гарснаас хойш өндөр өсөлттэй байна. Тухайбал өндөр хүчин чадалтай компьютерийн микро чип үйлдвэрлэгч Nvidia компанийн хувьцааны үнэ он гарснаар 207%-иар өсч, зах зээлийн үнэлгээ нь 1 триллион ам.долларт хүрснээр дэлхий дээрх 1 триллион ам.дол давсан үнэлгээтэй 6 дахь компани болов.
Nvidia компанийн 2023 оны 1-р сараас хойших хувьцааны өсөлтийг долоо хоногийн чартаар харуулав.
Goldman Sachs-ийн эдийн засагчдын үзэж буйгаар 2025 он буюу ирэх 3 жилийн хугацаанд дэлхий даяар нийт 200 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хиймэл оюун ухааны салбар руу орох бөгөөд үүний тэн хагас нь АНУ-д хийгдэх ажээ.
Эх сурвалж:
Litecoin (LTC)-ий “халвинг” болов
Биткойний дараа орох хоёрдахь хамгийн “ахмад“ койн болох Litecoin-ий “халвинг“ өчигдөр буюу Лхагва гарагт болов. Энэ нь тус койний 3 дахь удаагийн "халвинг” бөгөөд нэг блок тутамд 12.5 LTC-ий урамшуулал олгодог байсан нь хагаслагдаж 6.25LTC болсон байна.
LTC нь ажлын баталгаа (proof-of-work)-ны хэлбэрээр олборлогддог бөгөөд 840,000 блок тутамд “халвинг” буюу олборлогчдод олгодог урамшууллын хэмжээ 50%-иар хагаслагдах процесс явагддаг байна. Уг халвиний дараа спот үнэ 9.44% хүртэл унасан байна.
LTC-ийн 4 цагийн чарт дээр халвиний дараах үнийн уналтыг шараар тодруулав.
Эх сурвалж:
Кени улсын засгийн газар шинээр хэрэглэгч элсүүлэхээ зогсоохыг Worldcoin-д үүрэг болгов
Үнэгүй worldcoin авах хүсэлтэй мянга, мянган кеничүүд энэ долоо хоногт урт дараалал үүсгэн, дугаарлаж байгаа ажээ. Нүдээ сканердуулсны хариуд 50 орчим ам.доллартай тэнцэх worldcoin авахаар зарим хүн бүтэн 3 хоног хүлээж байгаа ажээ.
Зургийн эх сурвалж: BBC
Дээрх байдлыг хараад тэвчээр нь барагдсан Кенийн засгийн газар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд доорх асуудлууд хамгийн их анхаарал татаж байгааг дурдсан байна. Үүнд:
Нүдний солонгон бүрхэвчийг сканердах замаар авсан биометрик дата-гаа хэрхэн хадгалж байгаа;
Хүний хувийн биометрик дата-г авсныхаа төлөө мөнгө амлаж байгаа байдал;
Хувийн компанийн гарт их хэмжээний дата төвлөрч байгаа.
Улмаар Засгийн газрын зүгээс Worldcoin-д шалгалт оруулаад байгаа ажээ. Зүүн Африкийн Кени улс нь Worldcoin-ий сонгосон хамгийн анхны Африкийн орон юм. Учир нь тус улсад шинэ технологи харьцангуй сайн нэвтэрсэн бөгөөд нийт 4 сая орчим хүн криптовалют арилжаалдаг байна.
Кенийн нэгэн хүний эрхийн хуульчийн хэлснээр “Чи жинхэнэ хүн гэдгээ нотлохын тулд өөрийн биеэр хүрч ирээд харуулахад л хангалттай. Worldcoin компани хүний хувийн мэдээллийг хамгийн “эзэрхэг түрэмгий” байдлаар авч байна“ гэжээ.
Эх сурвалж: