• Корэкс
  • Posts
  • Крипто зах зээл өнгөрсөн долоо хоногт

Крипто зах зээл өнгөрсөн долоо хоногт

Биткойний үнэ

Өнгөрсөн долоо хоногт биткойн хажуугийн хөдөлгөөн үзүүлэв. Долоо хоногийн дунд бага зэрэг өссөн боловч долоо хоногийн эцсээр уналт үзүүлж 26,000 ам.доллараас доор хаагдав. 9 дүгээр сарын 11-ний Даваа гарагийн 20:55 цагийн байдлаар нэгж биткойний спот үнэ 25694 ам.доллар байна.

Цаашдаа яах вэ?

Энэ долоо хоногт АНУ-ын макро эдийн засгийн “эрүүл мэндийн” байдлыг харуулсан хэд хэдэн чухал статистик, мэдээ гарна. Тухайлбал өнгөрсөн 8 дугаар сарын инфляц (CPI)-ийн өсөлтийн мэдээ, мөн өнгөрсөн долоо хоногийн ажилгүйдлийн тэтгэмж авахаар хүсэлтээ гаргасан (initial jobless claims) иргэдийн тоо мэдээ зэрэг болно. Эдгээр статистик тоо, мэдээ нь Холбооны Нөөцийн сан бодлогын хүүг цаашид нэмэх эсэх тухай шийдвэрт нөлөөлнө.

 Жич: Холбооны нөөцийн сангийн ээлжит хурал энэ 9 дүгээр сарын 19- нөөс 20-ны өдрүүдэд болох бөгөөд энэхүү хурлаар бодлогын хүүг нэмэх эсэх тухай шийдвэрээ гаргана.

Зах зээлийн сентимент ямар байна вэ?

Зах зээлийн сентимент буюу хандлага өнгөрсөн долоо хоногоос дээрдээгүй бөгөөд крипто зах зээл хөрөнгө оруулагчдын хувьд “айдас“-ын буюу эрсдэлтэй байдалд хэвээр байна.

Зураг №1. Крипто зах зээлийн Айдас ба шуналын индекс

Техник аналистуудын таамаглал:

Техник аналистуудын үзэж буйгаар цаашид үнийн уналт үргэлжлэхээр байна. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт үнэ 26,000 ам.долларын доор хаагдсан нь долоо хоногийн график дээр уналтын “Double Top“ паттерн үүссэнийг баталсан. Энэхүү “bearish“ паттерн долоо хоногийн буюу том цаг дээр үүссэн нь үнэ цаашид унахын “дохио” гэж крипто судалгаа, хөрөнгө оруулалтын Rekt Capital компани таамаглаж байна. Доорх биткойний долоо хоногийн үнийн графикийг харна уу.

Зураг №2. Биткойний долоо хоногийн үнийн график

Хэрэв уналт цаашид үргэлжлэн 25,000 ам.долларын эрэлтийн бүсийг доош сэтлэх аваас үнэ 2020 оны 3-р сард болсон шиг хүчтэй унаж улмаар 20,000 ам.долларын бүсийг шалгахгүй гэх баталгаагүй гэсэн шинжээчийн таамаглалыг Cointelegraph-т дурджээ.

Зураг №3. СМЕ биржийн биткойн фючерс үнийн долоо хоногийн график

Их 20-ийн гишүүн орнууд криптовалютийн гүйлгээний талаарх мэдээлэл солилцоогоо эрчимжүүлнэ

Энэтхэгийн Шинэ Дели хотноо 9 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд болсон Их 20-ийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтаар дээрх орнууд 2027 оноос эхлэн криптовалютын талаарх мэдээллийг өөр хоорондоо тогтмол солилцож байхаар тохирсон байна.

Энэхүү мэдээлэл солилцоог бодит ажил хэрэг болгох эрх зүйн үндэс нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас 2022 оны 10 дугаар сард баталсан Крипто хөрөнгийг тайлагнах хөтөлбөр (The Crypto-Assets Reporting Framework) юм. Уг хөтөлбөрийн дагуу гишүүн орнууд тус тусын оронд байгаа крипто биржээр хийгдсэн криптовалютийн гүйлгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг жил бүр бусад гишүүн орнуудын татварын байгууллагуудад өгөх, тайлагнах үүрэг хүлээсэн ажээ.

FASB криптовалютад хамаарах нягтлан бодох бүртгэлийн журам батлав

АНУ-ын Санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн стандартын зөвлөл (FASB)-өөс тус улсын аж ахуйн нэгжүүд, ашгийн бус байгууллагуудад хэрхэн крипто хөрөнгөө бүртгэх, тайлагнах тухай нягтлан бодох бүртгэлийн журмыг өнгөрсөн Лхагва гарагт баталсан байна.

АНУ-д крипто хөрөнгийг бүртгэх, тайлагнах нэгдсэн журам, стандарт өнөөг хүртэл байхгүй явж ирсэн бөгөөд дээрх журмын дагуу аж ахуйн нэгжүүд криптовалютийг баланс дээрээ тодорхой хугацаагүй, биет бус хөрөнгийн адилаар бүртгэж ирснийг өөрчилж зах зээлийн үнэд үндэслэн бүртгэж, тайлагнах нягтлан бодох бүртгэлийн тогтолцоо руу шилжүүлж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүд криптовалютийг санхүүгийн бүртгэл дээрээ патент, барааны тэмдэг зэрэг оюуны өмчтэй адилаар бүртгэдэг байсныг халж, ашиг, алдагдлыг нь зах зээлийн үнэд үндэслэн тооцон бүртгэж, тайлагнах ажээ. Энэ журам хэрэгжсэнээр байгууллагын хөрөнгө оруулагчид криптовалютийн зах зээл рүү орох (crypto adoption)-д чухал алхам боллоо гэж салбарын тоглогчид, шинжээчид үзэж байна.

Журмыг албан ёсоор энэ оны сүүлээр зарлах бөгөөд 2025 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх ажээ.

Ark Invest спот этэриумын ETF гаргах хүсэлтээ тавив

АНУ-ын Ark Invest болон 21Shares компаниуд зах зээлийн үнэлгээгээр биткойний дараа хоёрдугаарт орох этэриум (ETH)-ийн спот үнэтэй уягдсан Ark21Shares Ethereum ETF гэх хөрөнгийн биржээр арилжаалагддаг сан (Exchange traded fund буюу ETF) гаргах хүсэлтээ тус улсын Үнэт цаасны хороонд өнгөрсөн Лхагва гарагт гаргав. Ингэснээр дээрх компаниуд нь спот этэриумын ETF гаргах хүсэлт тавьсан анхны тохиолдол болж байна.

Хэрэв уг спот этэриумийн ETF хүсэлт нааштайгаар шийдэгдвэл CME бирж (Chicago Mercantile Exchange) дээр арилжаалагдах бөгөөд крипто кастодианаар Coinbase бирж ажиллах юм байна. АНУ-ын Үнэт цаасны хороо спот биткойний ETF-ийн хүсэлтэд дарагдаад байгаа бөгөөд спот биткойнтой гаргахтай холбоотой шүүхийн маргаанд Grayscale компани Үнэт цаасны хороог 8 дугаар сарын 29-ний өдөр ялсан нь дээрх компаниуд спот этэриумийн ETF гаргах хүсэлтээ гаргахад түлхэц болсон гэж шинжээчид үзэж байна.

Энэ долоо хоногийн онцлох үйл явдлууд:

9 дүгээр сарын 13-ны Лхагва гарагийн 20:30 цаг (Монголын цагаар)-т АНУ-ын өнгөрсөн 8 дугаар сарын хэрэглээний үнийн индекс (CPI)-ийн өсөлтийн мэдээ зарлагдана. 2023 оны 7 дугаар сард инфляцийн өсөлт 3.2%-д хүрсэн бөгөөд Morgan Stanley, Wells Fargo, TD Securities-ийн үзэж буйгаар 8-р сард инфляц 0.18-0.2%-иар өснө үзэж байна. Хэрэв инфляцийн өсөлт хүлээлтээс өндөр гарвал Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмнэ гэсэн “айдас“-ыг зах зээлд төрүүлж, улмаар үнэ унах магадлалтай.

Мөн 9 дүгээр сарын 14-ний Пүрэв гарагт АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргагчдын тоо болон жижиглэн худалдааны статистик мэдээнүүд зарлагдана. Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргагчдын тоо мэдээ нь бодлогын хүүг нэмэх эсэх шийдвэрт чухал нөлөөтэй индикаторуудын нэг. Долоо хоног тутам гардаг уг тоо мэдээний дагуу ажилгүйдлын тэтгэмж авахаар хүсэлт гаргагсдын тоо сүүлийн 2 долоо хоног дараалан буурсан байна.

Европын Төв банкны Удирдах зөвлөлийн хурал мөн 9 дүгээр сарын 14-ний Пүрэв гарагт Франкфурт хотноо болох бөгөөд энэ хурлаар тус бүсийн мөнгөний бодлогыг хэлэлцэх ажээ.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!