• Корэкс
  • Posts
  • Крипто зах зээл өнгөрсөн долоо хоногт

Крипто зах зээл өнгөрсөн долоо хоногт

Биткойн, этэриумийн үнэ

Өнгөрсөн долоо хоногт биткойны талаар анхаарал татам мэдээ гараагүй ч үнэ нь 2.7%-иар өсөв. 10-р сарын 9-ний Даваа гарагийн 18:48 цагийн байдлаар нэгж BTC үнэ 27,486 ам.доллар байна.

Биткойны үнийг том цаг дээр буюу долоо хоногийн үнийн график дээр харвал үнэ дээшээ өссөн тохиолдолд эсэргүүцлийн гол бүс 31,000 ам.долларын бүст, харин доошоо унасан тохиолдолд 25,000 ам.долларын бүст дэмжлэг авах магадлалтай байна. Өмнөх мэдээнд дурдсаны дагуу сүүлийн арван жилийн байдлаар 10 дугаар сард биткойны үнэ 80% “bullish“ байсан. Харин энэ сард үнийн ямар хөдөлгөөн үзүүлэх нь сонирхол татаж байна. Техник анализ талаас нь харвал доорх 7 хоногийн үнийн графикийн дагуу биткойны үнэ хөндлөн эрэлтийн бүс (23,000 ам.дол) хүртлээ унаж магадгүй байна. Учир нь уг бүст сүүлийн 200 долоо хоногийн үнийн дундаж байна.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр этэриум (ETH)-ийн талаар дор дурдсан эерэг мэдээнүүд гарав. Гэсэн ч ETH долоо хоногийг 2.1%-ийн үнийн уналттайгаар хаав. Үүнд:

Этэриумийн (Eth)-ийн долоо хоногийн үнийн график

Өнгөрсөн долоо хоногт зах зээлийн үнэлгээгээрээ эхний 30-д орох криптовалютуудын дотроос хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн нь Avalanche (AVAX) байлаа. Тус койн өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагийг хүртэл 15%-ийн өсөлт үзүүлээд унаж эхэлсэн. Үнэ ийнхүү өссөн шалтгаан нь Stars Arena гэх web3 сошиал платформыг өөрийн блокчэйн дээр албан ёсоор нээсэнтэй холбоотой.

Avalanche (AVAX)-ийн өнгөрсөн долоо хоногийн үнийн өсөлт бууралтыг харуулсан өдрийн график зүүн талд нь байна. Баруун талын график нь falling wedge гэх “bullish” паттерн үүсгэсэн долоо хоногийн график.

Крипто зах зээлийн хандлага (sentiment) ямар байна вэ?

Зах зээлийн байдал “neutral“ буюу завсрын байдалтай байна. Өнөөдрийн байдлаар зах зээлийн сентимент крипто зах зээлийн Айдас ба шуналын индексийн дагуу 50 гэсэн үзүүлэлттэй байгаа нь өнгөрсөн долоо хоногийн байдалтай адил байна.

Sam Bankman-Fried-ийн шүүх хурал эхлэв

Хамгийн том “крипто шүүх хурал” гэгдэж буй FTX биржийн үүсгэн байгуулагч Сэм Бэнкмэн-Фрийдэд холбогдох шүүх хурал 10 дугаар сарын 3-ны өд өр эхлэв. Энэхүү шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн туршид олны анхаарлын төвд байлаа.

Шүүхээс Сэм Бэнкмэн-Фрийдэд технологи ашиглан санхүүгийн залилан хийсэн, мөнгө угаасан зэрэг нийт 7 үндэслэлээр ял тулгаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн хурлаар шүүх бүрэлдэхүүн (шүүхийн шүүгч болон 12 иргэнээс бүрдсэн шүүх баг) прокурор болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг сонсож, 4 гэрчээс мэдүүлэг авав. Гэрчүүдэд Cэм Бэнкмэн-Фрийдын үйлдлээс болж хохирсон гэгдэж буй 2 хөрөнгө оруулагч, мөн FTX-ийн Технологи хариуцсан захирал Гэри Ванг болон хуучин FTX биржид ажилладаг байсан Адам Иедидиа нар байв.

Технологи хариуцсан захирал асан Г.Ванг Сэм Бэнкмэн-Фрийд болон бусад шүүгдэгчдийн хамтаар санхүүгийн залилан, мөнгө угаалтын гэмт үйлдлүүд хийснээ хүлээн зөвшөөрсөн. Тэрээр хэлэхдээ 100 сая ам.доллар байрших ёстой байсан FTX биржийн эрсдлийн сангийн мөнгөн хөрөнгийн балансыг програмчлалын аргаар хуурамчаар харуулдаг байсан, түүнчлэн Сэм Бэнкмэн-Фрийдийн шахалтаар түүний 2017 онд үүсгэн байгуулсан Аламейда санг FTX бирж дээр аливаа хязгаарлалтгүйгээр, хэрэглэгчдийн мөнгөөр хөрөнгөөр чөлөөтэй арилжаа хийх давуу байдлыг олгосон зэргийг дурджээ.

Уг шүүх хурал энэ долоо хоногт үргэлжлэх бөгөөд бас нэгэн чухал гэрч буюу тус биржийн хэрэглэгчдийн 8 тэрбум ам.долларын мөнгөн хөрөнгийг хууль бусаар ашиглаж, шамшигдуулсан гэгдэх Аламейда сангийн гүйцэтгэх захирал К.Эллисон (Сэм Бэнкмэн-Фрийдийн найз охин байсан) мэдүүлэг өгнө.

Үнэт цаасны хорооны давж заалдах хүсэлтээс шүүх татгалзав

Өнгөрсөн 7 дугаар сард шүүхээс Ripple-ийн крипто биржээр дамжуулан олон нийтэд XRP токен арилжсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй гэсэн шийдвэрийг гаргасан билээ. Харин Ripple-ийн удирдлагуудын зүгээс Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нэр бүхий хөрөнгө оруулагчдад их хэмжээний XRP токен зарсныг хууль бус гэж үзсэн.

“XRP токеныг биржээр худалдаалсан нь хууль зөрчөөгүй” гэсэн шүүхийн шийдвэрийн дээрх хэсгийг Үнэт цаасны хороо өнгөрсөн долоо хоногт хэсэгчлэн давж заалдах хүсэлтээ өгсөн боловч шүүх хүлээн авсангүй. Шүүх ийнхүү татгалзсан үндэслэл нь Үнэт цаасны хороо өөрийн байр суурийг хамгаалах хууль зүйн хангалттай нэмэлт үндэслэл, нотолгоо гаргаж чадаагүй ажээ. Энэ нь Ripple-ийн хувьд дахин нэг ялалт болсон гэж үзэж болно.

Талууд 2023 оны 12 дугаар сарын 4-нөөс өмнө шүүхээс шаардсан бүх баримт бичгийг гарган өгөх бөгөөд эцсийн шүүх хурал 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр болно. Шүүхээс гарах эцсийн шийдвэр нь нийт крипто зах зээлд маш чухал ач холбогдолтой үйл явдал болно.

Хонконг крипто биржүүдийн үйл ажиллагаанд тавих хяналтаа чангатгана

Хонконгийн цагдаагийн газар болон Үнэт цаас, фючерсийн комисс хамтран ажлын хэсэг байгуулав. Уг хамтарсан ажлын хэсгийн зорилго нь JPEX крипто биржийн хууль бус үйлдлээс болж Хонконг иргэд 200 сая орчим ам.доллараар хохирсноос шалтгаалан тус засаг захиргааны онцгой бүст үйл ажиллагаа явуулдаг крипто биржүүдэд шалгалт оруулах ажээ.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!