- Корэкс
- Posts
- Үнэ унасан долоо хоног
Үнэ унасан долоо хоног
Mt.Gox биткойны нийлүүлэлтийг ихэсгэж, үнэ унагав
Өнгөрсөн долоо хоногийн өмнөх долоо хоногт Германы Засгийн газар тэргүүтэй томоохон “халимнууд” их хэмжээний биткойн зах зээлд “шахаж“ үнэ унагасан бол өнгөрсөн долоо хоногт аль 2014 онд “хаалгаа барьсан” Mt.Gox биткойны бирж хуучин хэрэглэгчдийнхээ биткойныг буцаан өгч эхэлснээр уналтыг гааруулав. Тус бирж хэрэглэгчиддээ өнгөрсөн Баасан гарагт биткойн буцаан өгч эхэлсэн нь уг биржийн хуучин хэрэглэгчдэд “сайхан” мэдээ, харин нийт крипто зах зээлийн хувьд “таагүй“ мэдээ болов.
Тус биржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч (Trustee)-ийн хэтэвчинд нийт 138,985 ширхэг биткойн байгаагаас өнгөрсөн Баасан гарагийн байдлаар нийт 47,229 ширхэг (2.7 тэрбум ам.долларын үнэлгээтэй) биткойныг нэр бүхий биржүүд рүү шилжүүлэх замаар эздэд нь тарааж эхэлсэн байна.
Mt.Gox-ийн дээрх мэдээ гарахтай зэрэгцэн биткойн holder-ууд биткойноо зарж эхэлсэн бөгөөд үүнээс шалтгаалж зах зээлд “паник” үүсч биткойны үнийг 53,250 ам.доллар хүртэл нь унагав. Биткойныг дагаад Mt.Gox-той огт хамаагүй алткойнуудын үнэ мөн унав.
Биткойны дээрх үнийн уналтын улмаас нийт 418 сая ам.долларын дүн бүхий хөшүүрэгтэй “long” арилжааны дансууд шатсан байна. Энэ нь FTX биржийн дампуурлын үеэр арилжаачид хөшүүрэгтэй “long” арилжаа хийж байгаад 560 сая ам.доллараа “үнс” болгосны дараа орох томоохон гарз, хохирол болов.
Mt.Gox бирж гэж юу вэ?
Mt.Gox нь 2010 онд үүсгэн байгуулагдсан биткойн арилжааны бирж байсан бөгөөд оргил үедээ дэлхийн нийт биткойны 70% нь тус биржээр арилжаалагддаг байв. Програмист Jed McCaleb тус биржийг үүсгэн байгуулсан бөгөөд тэрээр биржээ мэргэжил нэгт Марк Карпелест 2011 оны 3-р сард зарсан байна. Тус бирж Японд төвтэй байсан бөгөөд 2011-2013 оны хооронд хакеруудын халдлагад удаа дараа өртөн, үйл ажиллагаа нь доголдох болсон бөгөөд биржийн хэрэглэгчдийн нийт 850,000 ширхэг биткойн тус биржээс алдагдсаны улмаас 2014 оны 2-р сарын 24-ний өдөр албан ёсоор дампуурлаа зарласан. Олон жил үргэлжилсэн шүүхийн маргааны эцэст тус биржийн хэрэглэгчид ийнхүү алдагдсан биткойноо буцаан авах боломжтой болов.
Биткойны уналт хаана хүрээд зогсох вэ?
Хэдийгээр үнэ хаана хүрээд зогсохыг хэн ч хэлж чадахгүй ч техник шинжилгээний дагуу үнийн уналтын трендийг зогсоох магадлал бүхий эрэлтийн буюу дэмжлэгийн бүс (support zone)-ийг чартнаас харж болж байна. Тухайлбал биткойны чартыг харвал эрэлтийн гол бүс 50,000-51,000 ам.долларын үнийн бүст байгаа бөгөөд түүхэн дата харвал энэхүү үнийн бүст өмнө нь худалдан авалтууд ихээр хийгдэж байжээ. Мөн энэхүү үнийн бүстэй сүүлийн 50 өдрийн дундаж үнэ (50EMA) давхцаж байгаа тул давхар дэмжлэгт тооцогдоно гэж үзэж болохоор байна (Доорх зургийг харна уу).
BTC үнийн өдрийн график
Өнөөдрийн буюу Даваа гарагийн 08:49 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 55,201 ам.доллар байгаа бөгөөд сүүлийн 7 өдрийн байдлаар биткойны үнэ 12.15% уналттай байна. Зах зээлийн нийт үнэлгээ нь 1,08 триллион ам.доллар болж буурсан бөгөөд нийт крипто зах зээлд эзлэх хувийн жин нь 55.06% байна.
Харин этэриумийн хувьд сүүлийн 7 өдрийн байдлаар 15.77% уналттай байна. Зах зээлийн үнэлгээ нь буурч 347.8 тэрбум ам.доллар болсон нь нийт крипто зах зээлийн үнэлгээний 17.62%-ийг эзэлж байна. Өнөөдрийн 08:56 цагийн байдлаар нэгж ETH үнэ 2,897 ам.доллар байна.
ETH үнийн өдрийн график
Энэ оны 5-р сард этэриумийн биржээр арилжаалагддаг сан буюу ETF гаргах тухай зарим компанийн хүсэлтэд АНУ-ын Үнэт цаасны хороо нааштай хариу өгсөн. Харин биржүүдээр арилжих зөвшөөрлийг нь хараахан өгөөгүй байгаа. Зарим шинжээчдийн үзэж буйгаар энэ 7-р сард багтан уг тусгай зөвшөөрөл олгогдоно гэж таамаглаж байна.
Топ алткойнууд (ETH ороогүй) бүгд уналтын байдалтай байна. Энэхүү уналтаас хамаарч крипто зах зээлд эзлэх алткойнуудын хувийн жин багассан. Өнгөрсөн 7 хоногт топ 5 алткойн дотроос хамгийн бага уналттай нь TON болон SOL байлаа.
www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.
SOL-ийн хувьд “унаж буй гурвалжин” (descending triangle) паттерн үүсгэж байгаа бөгөөд доорх зурагт шараар тодруулсан эрэлтийн буюу дэмжлэгийн бүст үнэ орж ирж байна. АНУ-ын энэ 11-р сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа засаг солигдож, криптод ээлгүй гэгддэг Үнэт цаасны хорооны дарга Гэри Гэнслер огцорно гэсэн цуурхал тархаад байна. Хэрэв Г.Генслер огцорвол SOL тэргүүтэй томоохон койн, токенууд ETF хэлбэрээр биржүүдээр арилжаалагдах ирээдүй ойртох магадлалтай.
SOL үнийн өдрийн график
Үнэ ойрдоо яах вэ?
Ирэх хэдэн долоо хоногийн туршид крипто зах зээлд уналтын тренд үргэлжлэх төлөвтэй байна. Учир нь шинжээчдийн үзэж буйгаар Mt.Gox-оос биткойноо эргүүлэн авсан нийт хүмүүсийн 99% нь авсан биткойноо буцаан зарах магадлалтай ажээ. Заралт их байхын хэрээр үнэ унах бөгөөд дээрх биткойн олголтыг давахуйц “сайн” мэдээ ойрын хугацаанд зах зээлд гарах эсэх нь тодорхойгүй байна.
Mt.Gox-оос авлагатай 127,000 хэрэглэгч байгаа бөгөөд нийт авлагын хэмжээ нь одоогийн ханшаар 9.4 тэрбум ам.долларын үнэ бүхий биткойн ажээ. Шинжээчдийн үзэж буйгаар биткойноо буцаан авсан хэрэглэгчдийн 99% нь биткойноо зарж, ашгаа хүртэх магадлалтай аж. Учир нь тэдний 10 жилийн өмнө эзэмшиж байсан биткойны үнэлгээ өнөөдөр 8,500% өсөөд байгаа юм. Хэдийгээр биржийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс одоогоор 2,7 тэрбумын үнэлгээ бүхий 47,229 ширхэг биткойныг нэр бүхий биржүүд рүү шилжүүлээд байгаа ч хэрэглэгчдийн маш цөөн хэсэг нь бодитоор биткойноо эргүүлэн аваад байгаа аж. Улмаар тараагдах ёстой биткойны гол хэсэг хэрэглэгчдийн гарт очмогц дээрх таамгийн дагуу бараг бүх хэрэглэгчид биткойноо зарж, үнэ унагах төлөвтэй байна.
Mt.Gox-ийн буцаалтыг биткойноос гадна Bitcoin cash (BCH)-аар хийгдэж байгаа тул BCH-ийн үнэ мөн адил унах төлөвтэй байна.
Дэлхий дахинд
ОХУ стэблкойны хэрэглээг хуульчлах эсэхийг хэлэлцэж байна
ОХУ-ын төв банк улс хоорондын төлбөр тооцоонд стэблкойныг ашиглах асуудлыг хэлэлцэж байгаа ажээ. АНУ болон Барууны орнууд тус улсын эсрэг хориг тавьснаас шалтгаалан олон улсын уламжлалт төлбөр тооцооны систем ОХУ-ын хувьд хязгаарлагдмал болоод байгаа билээ. Иймд тус улс стэблкойныг улс хоорондын ялангуяа BRICS-ийн орнууд (Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн БНУ)-ын төлбөр тооцоонд ашиглах боломжийг хуульчлах эсэхийг судалж байгаа аж.
Европын Холбоо биржүүдийн шаардлагыг өндөрсгөв
Европын Холбооны нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эрхэлж буй виртуал хөрөнгийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд энэ оны 12-р сарын 30-ны өдрөөс эхлэн тус тусын биржээр хийгдсэн гүйлгээ болгоны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эрх бүхий байгууллагад гаргаж өгөх тухай “Travel Rule“ гэгддэг шинэ журмыг баталжээ. Дэлгэрэнгүй мэдээлэл гэдэгт хөрөнгө шилжүүлж буй болон хүлээн авагч этгээдийн хувийн мэдээлэл, түүнчлэн гүйлгээний зориулалт зэрэг орох юм байна. Энэхүү шинэ журмын зорилго нь мөнгө угаалттай тэмцэх ажээ.
Ж.Байдены хоригийг хүлээж авах эсэх талаар санал хураана
АНУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхим болон Сенат Ерөнхийлөгч Ж.Байдены Staff Accounting Bulleting 121 (SAB 121) гэх хуулийн төсөл дээр тавьсан хоригийг хүлээн авах эсэх дээр санал хураалт явуулна. Энэ долоо хоногт Төлөөлөгчдийн танхим санал хураалтыг явуулна. Конгресс дэх Бүгд найрамдах болон Ардчилсан нам аль аль нь уг хуулийн төслийг дэмжин, баталсан боловч Ерөнхийлөгч Ж.Байден энэ оны 5-р сард хориг тавьсан юм. Уг хоригийг цуцлахын тулд нийт парламентын гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн байх ёстой ажээ.
Энэхүү хуулийн төслийн гол онцлог нь Үнэт цаасны хороонд ажлаа тайлагнадаг банк, санхүүгийн байгууллагууд үйлчлүүлэгчдийнхээ дижитал хөрөнгийг өөрийн баланс дээрээ бүртгэхийг үүрэг болгосон тухай хууль юм. Одоогийн журмын дагуу тэдгээр банк санхүүгийн байгууллагууд үйлчлүүлэгчдийнхээ дижитал хөрөнгийг өөрийн балансаас гадуур кастодиан хэлбэрээр бүртгэдэг ажээ.
Зах зээлийн сентимент ямар байна?
Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 28 (Fear буюу айдас) үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 53 (Neutral) байсантай харьцуулахад зах зээлийн сентимeнт “bearish“ буюу айдас, паникийн төлөвт шилжсэн байна.
АНХААРУУЛГА:
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!