- Корэкс
- Posts
- Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал
Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал
Криптовалютын үнэ, ханш
Биткойны үнэ энэ оны хувьд анх удаагаа 40,000 ам.долларын босгыг давлаа. Даваа гарагт буюу өнөөдөр нэгж биткойны үнэ 42,100 ам.долларт хүрэв. Энэ нь 2022 оны 4-р сарын 22-ны өдрөөс хойших BTC -гийн хамгийн дээд үнэ болов.
Биткойны үнийн 7 хоногийн график
Өнгөрсөн долоо хоногт биткойн “Bullish” байсан гол шалтгааныг шинжээчид АНУ-ын Холбооны нөөцийн сан (төв банк)-гийн захирагч Крис Валлер -ын Вашингтон хотноо нэгэн арга хэмжээн дээр хэлсэн үгийн агуулгатай холбон тайлбарлаж байна. Тухайлбал инфляцийг бууруулахад чиглэсэн төв банкны мөнгөний бодлого үр дүнгээ өгч байгааг К.Валлер онцлоод бодлогын хүүг ирэх саруудад бууруулж магадгүй тухай дохио өгсөн нь биткойны үнийг 38,000 ам.долларын нийлүүлэлтийн бүсийг сэтлэн өсөхөд нөлөөлөв.
Жич: АНУ-ын бодлогын хүүгийн түвшин 5.25-5.50% байгаа нь 2007 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа билээ. Инфляцийг жилийн 2%-д хүргэх зорилтыг Холбооны нөөцийн дэвшүүлсэн бөгөөд өнгөрсөн 10 дугаар сард 3.2%-д хүрч өмнөх сараас (3.7%) бага зэрэг буурсан болно.
Крипто судалгааны Glassnode-ийн мэдээлснээр биткойны үнийн уналтын өмнөх циклүүдийн дараа үнэ 150% өсч байжээ. Тухайлбал 2012, 2016, 2019 орнуудад үний 150%-ийн өсөлт үзүүлсний дараа үнэ дандаа огцом өсч байжээ. Тэгвэл 2023 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар биткойны үнэ 150% өсөөд байна.
Шинжээчдийн үзэж буйгаар энэ удаагийн үнийн өсөлт өмнөх өсөлтүүдээс илүү байх магадлалтай. Учир нь крипто биржүүд дэх биткойны нийлүүлэлт 2020 оноос хойш тогтмол унаж байгаа бөгөөд нөгөө талд эрэлт нь улам бүр өсч байна. Ялангуяа АНУ-ын байгууллагын томоохон хөрөнгө оруулагчид биткойны сан (ETF) байгуулан хувьцаагаа хөрөнгийн биржээр арилжихаар Үнэт цаасны хороонд хүсэлтээ гаргаад хариу хүлээж байгаа.
Дээрх биткойны сангууд (ETF) хувьцаагаа хөрөнгийн зах зээлд гаргах магадлал 90%-тай хэмээн зарим шинжээчид үзэж байна.
Өнөөгийн байдлаар крипто биржүүд дээр 2.3 сая биткойн арилжаалагдаж байгаа бөгөөд 2020 оноос хойш нийлүүлэлт буурсаар байгааг доорх зургаас харна уу.
Биткойны нийлүүлэлтийн график
Standard Chartered банкны таамаглаж буйгаар биткойны үнэ 2024 оны сүүлээр 100,000 ам.долларт хүрэх ажээ. Тус банкны шинжээчдийн үзэж буйгаар биткойны сангууд хувьцаа (ETF) гаргах зөвшөөрлөө авснаар нэг, дараа нь биткойны халвин ирэх оны 4-р сард болсноор үнийг 100,000 ам.долларт хүргэнэ гэж таамаглажээ.
Биткойны ETF гаргах хүсэлтээ өгсөн компаниудаас хамгийн том нь болох Blackrock өөрийн ETF-ээ энэ Зул сарын баяраас өмнө гаргуулахаар лобби хийж байгаа тухай цуурхал явж байна. Гэвч нааштай хариу сонсох хамгийн бодитой хугацаа нь 2024 оны 1-сарын 8-10-ны өдрүүдийг гэж үзэж байна.
Microstrategy өнгөрсөн 11-р сард 593 сая ам.долларын үнэ бүхий 16,130 ширхэг биткойн авчээ. Энэ нь тус компанийн хувьд 2021 оны 2-р сард 1 тэрбум ам.доллараар 20,000 биткойн авснаас хойших хамгийн том худалдан авалт болов. Ингэснээр тус компани нийтдээ 7,3 тэрбум ам.долларын үнэ бүхий 174,530 ширхэг биткойны hodler болж байна.
Aлткойнууд: Зах зээлийн үнэлгээгээр биткойны дараа орох этэриум (ETH)- ийн хувьд Даваа гарагт мөн адил 2,270 ам.долларт хүрч өссөн нь өнгөрсөн оны 5 дугаар сараас хойших дээд өсөлт боллоо.
ETH үнийн 7 хоногийн график
“Meme coin”-ууд хөдөлгөөнд оров
Өнгөрсөн долоо хоногт зарим “meme coin” -уудын хувьд үнийн савалгаа өндөртэй долоо хоног болж өнгөрөв. Тухайлбал Уоррен Баффетийн удаан хугацааны хамтрагч, алдартай хөрөнгө оруулагч Чарлье Мангер нас барсан бөгөөд MUNGER хэмээх ETH суурьтай токен арилжаалагдаж эхлэв. Уг токен гарсан даруйдаа 31,000% өссөөд унав. Ч.Мангерийн биткойны талаар хэлсэн зүйлс нь олны анхаарлыг татсаар ирсэн. Тухайлбал тэрээр “ биткойн бол ямар ч үнэ цэнэгүй зохиомол алт“ “хархны хор“ хэмээн хэлж байжээ.
АНУ-ын төр, нийгмийн зүтгэлтэн, дипломатч Хэнри Кессинжер Лхагва гарагт нас барсантай холбогдуулан түүнийг нэрийг багтаасан этэриум суурьтай хэд хэдэн “meme coin” шинээр гарч, арилжаалагдав.
Apple, IBM, Ubisoft, Disney, Paramount зэрэг томоохон компаниуд Элон Маск-ийн эзэмшдэг X платформ (Хуучнаар Твиттер) дээр өөрийн зар сурталчилгаагаа тавихаас татгалзсан билээ. Учир нь X платформ еврэйчүүдийн эсрэг агуулга бүхий контент, зар сурталчилгааг нийтэлсэн мөн нацизмыг дэмжсэн зар сурталчилгаатай хамт дээрх компаниудын зар сурталчилгааг явуулсан гэж үзэн гэрээгээ цуцалсан. Өнгөрсөн долоо хоногт болсон нэгэн ярилцлагын үеэр Элон Маск дээрх компаниудын удирдлагуудыг бүдүүлгээр хараасан (“Go f**k yourself” гэж хэлэн) нь багагүй шуугиан дэгдээв. Үүнтэй холбоотойгоор Ethereum, BNB smart chain, Solana блокчэйн дээр хийгдсэн хэд хэдэн “meme” токенууд гарч арилжаалагдсан байна.
Зах зээлийн сентимент ямар байна вэ?
Биткойны үнэ өссөнтэй холбоотойгоор крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал Айдас ба шуналын индексийн дагуу 74 гэсэн үзүүлэлтэд хүрч өсөв (Өнгөрсөн долоо хоногт нь энэ үзүүлэлт 66 байв). Энэ нь хөрөнгө оруулагчдын итгэл, өөдрөг байдал нэмэгдсэнийг илтгэнэ.
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!