• Корэкс
  • Posts
  • Bitfinex биржийг хакердсан этгээд хэргээ хүлээв

Bitfinex биржийг хакердсан этгээд хэргээ хүлээв

Bitfinex биржийг 2016 онд хакердаж 120,000 биткойн хулгайлсан 2 хүний нэг болох орос гаралтай Илия Лихтенштэйн хэргээ хүлээсэн байна. Тэрээр АНУ-ын шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Хонконгийн Bitfinex биржийн крипто хэтэвчнүүдээс дээрх биткойнийг хулгайлсан бөгөөд тухайн үед үнэлгээ нь 71 сая ам.доллар байсан байна. Харин 2022 оны 2 дугаар сард түүнийг баривчлагдах үед 4.5 тэрбум ам.дол болсон байжээ. АНУ-ын Хууль зүйн яам тэднээс 3.6 тэрбум ам.доллартай тэнцэх биткойнийг хураан авсан байна.

Тэрээр дээрх хэргийг эхнэр Razzlekhan гэх хочтой рэппер Хитэр Морганы хамт үйлдсэн бөгөөд хулгайлсан биткойноо жижиглэж, хэсэглэн хуурамч ID ашиглан үүсгэсэн олон мянган хэтэвчнүүдэд тараан байршуулсан байжээ. Мөн алтан зоос болгож хувиргах зэргээр “угааж” байсан байна.

Эх сурвалж:

Хонконгод крипто биржийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх эрхтэй биржийн тоо хоёр болов

Хонконгийн Засаг захиргааны Онцгой Бүсийн Үнэт цаас ба фючерсийн хороо Hashkey биржид иргэдэд криптовалютийн арилжааны үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг олгосон байна. Hashkey-ээс өмнө OSL гэх орон нутгийн бирж иргэдэд крипто биржийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг мөн аваад байжээ. Дээрх 2 бирж эхний ээлжинд биткойн болон этэриум арилжих боломжоор иргэдийг хангах бөгөөд одоогоор гар утасны аппликейшн бүтээх ажлаа эхлүүлээд явж байгаа юм байна.

Эх газрын Хятадад үүсгэн байгуулагдсан OKX болон Huobi биржүүд мөн Хонконгод өөрийн биржээ нээх зорилгоор холбогдох тусгай зөвшөөрөл авах ажлаа эхлүүлсэн байна. Өнгөрсөн жилийн FTX-ийн гэх мэт дуулиантай хэргүүдээс болоод Хонконгийн Үнэт цаас, фючерсийн хорооноос биржийн тусгай зөвшөөрөл авах шалгуурыг өндөрсгөсөн байна.

Эх сурвалж:

Coinbase Үнэт цаасны хороог ялна гэдэгтээ итгэлтэй байна

Coinbase бирж Үнэт цаасны хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлтээ шүүхэд энэ 8 дугаар сарын 4-ний өдөр өгнө хэмээн тус биржийн Хуулийн ахлах зөвлөх Paul Grewal мэдэгдэв. Тус бирж Үнэт цаасны хороог ялна гэдэгт тэрээр итгэлтэй байгаа ажээ.

Үнэт цаасны хороо энэ оны 6 дугаар сарын 6-ны өдөр тус биржийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд буруутгасан гол үндэслэл нь “албан ёсны бүртгэлгүй бирж (Coinbase)-ээр албан ёсны бүртгэлгүй үнэт цааснууд“ арилжаалсан гэж үзэж буй. Тус бирж шүүх дээр ялалт байгуулахын тулд дор дурдсан сөрөг үндэслэлүүдийг гаргана Ахлах хуульч мэдэгдсэн байна. Үүнд:

  • Тус бирж “үнэт цаас“ арилжаалаагүй;

  • Үнэт цаасны хороо крипто биржүүдийг зохицуулах эрх зүйн үндэс байхгүй;

  • Тус бирж хувьцаагаа Nasdaq бирж дээр зарахаа Үнэт цаасны хороонд 2021 оны 4-р сард бүртгүүлж байхад крипто биржээ бас бүртгүүл гэсэн шаардлагыг Үнэт цаасны хорооноос тавьж байгаагүй зэрэг болно.

Олон нийтэд биржээр дамжуулан арилжаалсан XRP токеныг шүүхээс “үнэт цаас“ биш гэж үзсэнээр Ripple компани Үнэт цаасны хорооны эсрэг өнгөрсөн 7-р сарын 13-ны өдөр ялалт байгуулаад байгаа билээ.

Coinbase-ийн санхүүгийн үзүүлэлтүүд “муугүй” гарав

Хэдийгээр Үнэт цаасны хороотой шүүхийн маргаантай байгаа хэдий ч тус биржийн санхүүгийн үзүүлэлтүүд энэ оны 2-р улирлын байдлаар төсөөллөөс илүү “сайн” гарав. Тухайлбал энэ оны 2-р улирлын алдагдлын хэмжээ 97 сая ам.дол болж буурсан нь өнгөрсөн онд алдагдал 1.1 тэрбум ам.долларт хүрч байсантай харьцуулахад огцом буурав. Орлого нь 12%-иар багасч 707.9 сая ам.дол болсон ч шинжээчдийн таамаглаж байсан 631.2 сая ам.доллараас их гарчээ. Хувьцааны үнэ нь он гарснаар 200%+ өссөн.

Coinbase Global хувьцааны 7 хоногийн чарт. Үнийн өсөлтийг ногооноор тодруулав

Эх сурвалж: