- Корэкс
- Posts
- Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал
Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал
Юуны өмнө Танд болон таны гэр бүлд шинэ оны мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг Corex биржийн зүгээс хүсэн ерөөе!
Крипто зах зээлийн нийт үнэлгээ ба BTC, ETH доминанс
Крипто зах зээлийн нийт үнэлгээ өнөөдрийн байдлаар 1.6 триллион ам.доллар байна. Өнгөрсөн Даваа гарагтай харьцуулахад зах зээлийн үнэлгээнд өөрчлөлт орсонгүй. Нийт крипто зах зээлд эзлэх биткойн (BTC)-ы хувийн жин буюу доминанс өнөөдрийн байдлаар 51.71% байгаа нь өнгөрсөн долоо хоног (52.2%)-оос буурсан үзүүлэлттэй байна. Харин этэриум (ETH)-ийн хувийн жин 17.05% байгаа нь өнгөрсөн долоо хоног (16.9%)-оос бага зэрэг өсөв.
Зах зээлийн сентимент ямар байна вэ?
Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 65 гэсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 73 байсантай харьцуулахад хөрөнгө оруулагчдын итгэл, өөдрөг байдал буурсан байна.
Крипто үнэ
Биткойны хувьд өнөөдөр буюу Даваа гарагийн 19:24 цагийн байдлаар 42,670 ам.долларын үнэтэй байна. Cүүлийн 7 өдрийн байдлаар биткойны үнэ 1.1% унаад байна.
BTC үнийн 7 хоногийн график
Алткойнууд: Этэриум (ETH)-ийн хувьд сүүлийн 7 өдрийн байдлаар үнэ нь 1%-ийн өсөлттэй байгаа бөгөөд өнөөдрийн 19: 29 цагийн байдлаар нэгж ETH үнэ 2,301 ам.дол байна.
ETH үнийн 7 хоногийн график
Харин өнгөрсөн сард өндөр өсөлтийг үзүүлсэн томоохон алткойнуудын үнэ оны сүүлийн 7 хоногт уналттай байлаа. Тухайлбал Solana (SOL) 7.2%, Ripple (XRP) 4.2%, Аvalanche (AVAX) 15.5%, Polkadot (DOT) 11.33% тус тус унав. Харин Polygon (MATIC) сүүлийн 7 өдрийн байдлаар 14.7%, Internet computer (ICP) 42.2%-ийн өсөлтийг үзүүлээд байна.
2023 оны хамгийн өндөр өсөлттэй алткойнууд
Крипто мэдээ, мэдээллийн ThuanCapital 2023 онд хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн алткойнуудыг жагсаажээ. Өнгөрсөн онд нохойны дүрс бүхий Solana блокчэйн дээр үүсгэсэн Bonk (BONK) “meme” токен хамгийн өндөр өсөлт буюу 7030%-ийн өсөлт үзүүлсэн байна. Харин зах зээлийн үнэлгээ өндөртэй алткойнуудыг Solana (SOL) 678%-ийн өсөлттэйгөөр тэргүүлсэн байна.
Өнгөрсөн оны гол ялагч ба ялагдагч хэн байв?
Cointelegraph-ийн үзэж буйгаар крипто зах зээлийн тоглогчдоос өнгөрсөн оны хамгийн топ ялагч бол Үнэт цаасны хороог шүүх дээр ялсан Ripple компанийн гүйцэтгэх захирал Брэд Гарлинхаус, харин хамгийн том ялагдагчаар мөнгө угаасан хэргээр шүүхээс маш их хэмжээний мөнгөн торгууль хүлээсэн, мөн хоригдох ял авч магадгүй нөхцөлд байгаа Binance биржийн гүйцэтгэх захирал CZ-г нэрлэжээ.
Мөн бусад онцлох ялагчдаар шүүх дээр ялалт байгуулсан Bored Ape Yacht Club NFT-г үүсгэн байгуулагч Yuga labs компани, FTX-ийн хэрэг дээр ажилласан Sullivan&Cromwell хуулийн фирмийн хуульчдыг нэрлэжээ. Харин бусад ялагдагчдаар Terraform Lab-ийн үүсгэн байгуулагч Do Kwon, FTX биржийг үүсгэн байгуулагч Sam Bankman-Fried зэргийг нэрлэжээ.
АНУ-ын хөрөнгийн удирдлагын Blackrock компани биткойны спот үнийг дагадаг биржээр арилждаг сан (ETF)-гийн ирээдүйн брокероор АНУ-ын хамгийн том банк болох JPMorgan (aрилжааны Jane Street компанийн хамт)-ийг сонгосон байна. Сонирхолтой нь JPMorgan банкны гүйцэтгэх захирал Jamie Dimon биткойн болон криптовалютын эсрэг байр суурь баримталдгаараа алдартай нэгэн билээ.
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!