- Корэкс
- Posts
- Крипто зах зээлийн өнөөгийн байдал
Крипто зах зээлийн өнөөгийн байдал
Биткойний үнэ яагаад өсөв?
Өнгөрсөн 7 хоногт биткойн болон алткойнуудын хувьд огцом өсөлттэй долоо хоног байлаа. Биткойний хувьд спот үнэ 35,300 ам.дол, фючерс үнэ бараг 36,000 ам.доллар хүрч өсөв.
Өссөн гол шалтгаан: Спот биткойний ETF бүтээгдэхүүн гаргах зарим компанийн хүсэлтэд АНУ-ын Үнэт цаасны хороо нааштай хариу өгсөн гэсэн таамаг, цуурхал байлаа.
Тодруулбал энэ удаагийн өсөлтийн буухиа 10 дугаар сарын 16-ны Даваа гарагт үнэ 12%-иар огцом өссөн. Үнэ ийнхүү огцом өссөн үндсэн шалтгаан нь нэр хүнд бүхий крипто мэдээллийн вэбсайт Cointelegraph өөрийн X хуудастаа Blackrock-ийн спот биткойн гаргах хүсэлтийг Үнэт цаасны хороо зөвшөөрсөн гэсэн худал мэдээлэл тавьсанд байлаа. Зах зээлд дээрх ETF гарч магадгүй гэсэн хүлээлт аль хэдийн үүссэн байсан тул Cointelegraph-ийн мэдээнд зах зээл хүчтэй хариу үйлдэл үзүүлэв.
Жич: Cointelegraph энэхүү хариуцлагагүй мэдэгдэлдээ уучлал хүссэн болно.
Cointelegraph-ийн хийсэн худал жиргээ
Харин өнгөрсөн долоо хоногт биткойний үнийг үргэлжлүүлэн өсгөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь өнөөх Blackrock-ийн спот биткойний ETF (iShares Bitcoin Trust буюу IBTC) NASDAQ биржийн Төвлөрсөн хадгаламж, төлбөр тооцооны корпорацийн албан ёсны жагсаалтад бүртгэгдсэнд байлаа. Энэ тухай Bloomberg сувгийн ETF шинжээч Eric Balchunas анх жиргэсэн бөгөөд хэдийгээр албан ёсны шийдвэр нь гараагүй ч дээрх биткойний спот үнэтэй уягдсан ETF бүтээгдэхүүн АНУ-ын хөрөнгийн зах зээлд анх удаагаа гарах магадлал өндөр боллоо гэж крипто зах зээлийн оролцогчид үзсэнээр үнэ өсөв.
NASDAQ биржийн Төвлөрсөн хадгаламж, төлбөр тооцооны корпорацид IBTC ETF бүртгэгдсэн байдлыг харуулсан Eric Balchunas-ийн жиргээ
Дээрхээс нэг зүйл ойлгоход хэрэв биткойний спот үнийн ETF-ийг Үнэт цаасны хороо бодитоор зөвшөөрч, хөрөнгийн зах зээлд арилжаалагдах нь тодорхой болох аваас биткойний үнэ огцом өсөх магадлал өндөр байна.
Үнэ цаашид яах вэ? (Техник анализ)
Биткойний үнийн 7 хоногийн график харвал өнгөрсөн долоо хоногт үнэ 30,000-31,000 ам.долларын нийлүүлэлтийн хүчтэй бүсийг сэтэлсэн. Үнэ унаж эргэн унан дээрх бүсээ эргэн шалгах магадлалтай. Гэвч одоогийн байдлаар 34,500 ам.долларын бүст хүчтэй дэмжлэг авсаар байна. Үүнээс харахад ашиг доороос авсан хөрөнгө оруулагчид, арилжаачид биткойноо зарах хүсэлгүй байгаа нь харагдаж байна. Хэрэв үнэ одоогийн түвшнөөс өссөн тохиолдолд дараагийн нийлүүлэлтийн буюу их хэмжээний заралт явагдах магадлалтай бүс нь 40,000-41,000 ам.долларын бүс байна.
Биткойний үнийн 7 хоногийн график
Түүхэн дата харвал 2013 оноос хойш жил бүрийн 10 дугаар сард биткойн ихэнхдээ өсөлттэй хаагддаг уламжлал (Uptober) энэ удаа ч бас давтагдахад ойрхон боллоо. Сүүлийн 10 жилийг харвал 11 дүгээр сард биткойний өсөлт, уналт бараг тэнцүү байна.
Биткойний дээрх өсөлтийг дагаад этэриум (ETH) болон зах зээлийн үнэлгээ өндөртэй алткойнууд ихэнх нь хоёр оронтой тоо бүхий өсөлтийг өнгөрсөн долоо хоногт үзүүлэв.
Этэриумийн хувьд 7 хоногийн үнийн график дээр нийлүүлэлтийн хөндлөн бүсээ сэтэлсэн байна. Этэриумийн хувьд биткойний хөдөлгөөний дагах магадлал өндөр юм.
Eth-ийн үнийн 7 хоногийн график
Өнгөрсөн долоо хоногт бусад алткойнууд дотроос Chainlink (Link) 44% -ийн өсөлт үзүүлэв.
Link-ийн үнийн 7 хоногийн график харвал үнэ base буюу хажуугийн хөдөлгөөни
й сууриа дээш сэтэлсэн, мөн нийлүүлэлтийн хөндлөн бүсийг сэтлээд буцаж шалгаад өссөн байдалтай байна. Бидний таамаглаж байгаагаар ийнхүү сүүлийн 2 долоо хоногт өссөн үнэ удахгүй буух бөгөөд 9.50 ам.долларын өмнөх эсэргүүцлийн бүсийг шалгаж магадгүй юм. Гэхдээ биткойний үнийн хөдөлгөөн Link болон бусад өсөлттэй байгаа алткойнуудын үнийн хөдөлгөөнд голлох нөлөөг үзүүлэх магадлалтай.
Link үнийн 7 хоногийн график
Зах зээлийн сентимент ямар байна вэ?
Крипто зах зээл дэх тоглогчдын өөдрөг байдал өнгөрсөн долоо хоногт илт сэргэснийг доорх Айдас шуналын индексийн үзүүлэлтийн дагуу харж болно. Өнгөрсөн долоо хоногт үзүүлэлт 53 байсан болон өнөөдөр буюу Даваа гарагийн байдлаар 68 болсон байна.
Японы улсын стэблкойны зохицуулалт хатуу боловч тодорхой
Стэблкойныг хуулиар зохицуулж болдог гэдгийг Япон Улс харуулж байна. АНУ, Европын Холбоо өнөөг хүртэл стэблкойны хуулиудаа баталж чадаагүй байхад Японы шинэ хууль энэ оны 6-р сараас хүчин төгөлдөр болов. Шинэ хуулийн дагуу стэблкойн гаргах тусгай зөвшөөрөлтэй этгээдүүд нь стэблкойн гаргахын тулд тухайн гаргаж буй стэблкойныг иенээр эсвэл ам.доллараар 100% баталгаа гаргаж, уг баталгааны мөнгөн хөрөнгийг дотоодын банканд байршуулсан байх ёстой ажээ. Энэхүү хуулийн шаардлага нь иенээр баталгаажсан стэблкойнуудын хувьд хүндхэн сорилт болох төлөвтэй ажээ. Учир нь Японд иенийн хадгаламжийн хүү маш бага буюу ихэнхдээ 0.1%-иас бага байдаг ажээ. Харин ам.доллараар баталгаажсан стэблкойны хувьд хадгаламжийн хүү арай өндөр.
Circle гэх мэт гадаадын томоохон стэблкойн гаргагчид Японд стэблкойн гаргах сонирхлоо илэрхийлсэн бөгөөд ийнхүү гаргах тохиолдолд дотоодын тусгай зөвшөөрөл бүхий банк, санхүүгийн байгууллагуудтай хамтарсан компани байгуулах замаар гаргах ёстой ажээ.
АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхим шинэ даргатай болов
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын шинэ даргад криптовалютад ээлтэй гэгддэг Бүгд Найрамдах намын Том Эммер нэрээ дэвшүүлсэн боловч удалгүй нэрээ татав. Харин шинэ спикерээр Бүгд Найрамдах намын Майк Жонсон 10 дугаар сарын 25-ны өдөр сонгогдлоо.
Түүний хувьд крипто зах зээлийн талаар ямар нэгэн түүхгүй хүн ажээ. Украин, Израильд зэвсгийн туслалцаа үзүүлэх зорилго бүхий 105 тэрбум ам.долларын батлан хамгаалахын нэмэлт төсвийн төслийг конгрессоор батлуулах гэх мэт олон чухал ажлууд шинэ спикерийг хүлээж байна.
Энэ долоо хоногт юу болох вэ?
Энэ долоо хоногт крипто зах зээлд нөлөөлж болох макро түвшний дор дурдсан мэдээ гарна. Үүнд:
11 дүгээр сарын 1-нд болох АНУ-ын Холбооны нөөцийн сангийн ээлжит хурлаар бодлогын хүүг нэмэх эсэхийг хэлэлцэж, шийднэ.
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!