• Корэкс
  • Posts
  • Крипто зах зээл өнгөрсөн долоо хоногт

Крипто зах зээл өнгөрсөн долоо хоногт

Бодлогын хүүгийн түвшинг хэвээр батлав

Өнгөрсөн Лхагва гарагт болсон АНУ-ын төв банк буюу Холбооны нөөцийн сан (Fed)-гийн хурлаар бодлогын хүүг нэмэхгүй байхаар шийдвэрлэв. Уг хурлын үр дүнгийн талаар хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тус сангийн тэргүүн Ж.Пауэл доорх агуулга бүхий мэдэгдлийг хийв. Үүнд:

  • Шинэ оноос өмнө бодлогын хүүг ахиад нэг удаа нэмж магадгүй;

  • Инфляцийн түвшинг жилийн 2%-д хүргэх зорилтыг биелүүлэхийн тулд одоогийн бодлогын хүүгийн хэмжээ (5.25-5.50%)-г буулгахгүйгээр удаан хугацаанд хэвээр хадгалж магадгүй.

Ж.Пауэлийн дээрх мэдэгдлийн дараа АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж болон ам.долларын индекс өсөв. Засгийн газрын бондын өгөөж өсөх нь хувьцааны зах зээлд таагүй мэдээ бөгөөд хөрөнгө оруулагчид эрсдэл өндөртэй хувьцаа, криптод хөрөнгө оруулахын оронд илүү найдвартай Засгийн газрын бондод хөрөнгө оруулснаар бондын өгөөж өсдөг.

Энэ оны 5 дугаар сараас хойш АНУ-ын урт болон богино хугацаатай бондуудын өгөөж тогтмол нэмэгдсээр байна. Мөн ам.долларын индекс энэ 7 дугаар сараас хойш тасралтгүй өсч байна. Засгийн газрын бондын өгөөж нь хувьцааны зах зээлтэй урвуу хамааралтай, мөн ам.долларын индекс нь биткойний үнэтэй ихэвчлэн урвуу хамаарал үзүүлдэг.

Биткойний үнэ өнгөрсөн долоо хоногт

Fed-ийн хурлын үр дүн зарлагдах хүртэл биткойний үнэ 27,400 ам.доллар хүртэл өсөөд байсан бөгөөд дээрх мэдэгдлийн дараа үнэ 5% хүртэл унав. 9 дүгээр сарын 25-ны Даваа гарагийн 18:00 цагийн байдлаар нэгж биткойн 26,096 ам.долларын үнэтэй байна.

Зураг №1. BTC өдрийн график. Өнгөрсөн долоо хоногийн биткойний хөдөлгөөнийг шараар тодруулав.

Зах зээлийн сентимент ямар байна?

Зах зээлийн ерөнхий байдлыг Айдас ба шуналын индекс (крипто)-ийн дагуу харвал өнгөрсөн долоо хоногт түүний өмнөх долоо хоногтой бараг адилхан үзүүлэлтийг зааж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид крипто зах зээлийг эрсдэлтэй гэж үзсэн хэвээр байна.

Цаашдаа яах вэ?

Биткойний үнийн уналтын тренд энэ 9-р сард үргэлжилнэ гэж шинжээчид таамаглаж байна. Түүхэн үүднээс нь харвал биткойн 9-р сард ихэвчлэн уналт үзүүлсээр иржээ. Тухайлбал сүүлийн 10 жилийн хугацаанд зөвхөн 2015, 2016 оны 9-р сард үнэ өсөлттэй гарч байсан байна. Хэдийгээр уналтын тренд үргэлжилж байгаа ч биткойний хувьд энэ сард одоогийн байдлаар 0.86%-ийн өсөлт үзүүлээд байна.

Харин сүүлийн 10 жилийн статистикийн дагуу 10 дугаар сард биткойн ихэвчлэн өсөлт үзүүлдэг болохыг доорх зургаас харна уу.

Техник шинжилгээ талаас нь харвал зарим шинжээчийн онцолж буйгаар сүүлийн 21 долоо хоногийн дундаж үнэ (21week SMA) 200 долоо хоногийн дундаж үнэ (200week SMA)-ийг доош чиглэлтэй огтолсон нь цаашдаа үнэ унахын дохио гэж үзэж байна. Бага цагийн дундаж үнэ том цагийн дундаж үнэтэй доош чиглэлтэй огтлолцохыг “death cross” буюу “үхлийн огтлолцол” гэдэг. Энэхүү огтлолцлыг доорх зургаас харна уу.

Хэрэв үнэ одоогийн түвшнөөс доош унасан тохиолдолд дараагийн дэмжлэгийн буюу эрэлтийн гол бүс 25,000 ам.долларын үнийн бүс дээр байна. Уг эрэлтийн гол бүсийг доорх зурагт ногоон зураасаар тэмдэглэсэн болно.

Этэриум (ETH)-ийн үнийн хувьд өнгөрсөн долоо хоногт 2.8%-иар унав. Мөн энэ 8-р сарын эхнээс тогтмол өсөлтийг үзүүлсэн Toncoin (TON)-ий хувьд 2.50 ам.долларын эсэргүүцлийн гол бүсийг шалгаад уналт үзүүлж байна.

Citigroup байгууллагын үйлчлүүлэгчиддээ зориулан шинэ үйлчилгээг нэвтрүүлэв

Citigroup өөрийн үйлчлүүлэгчид (байгууллагын)-дээ зориулаад хил дамнасан худалдааг санхүүжүүлэх, бэлэн мөнгөний менежментийг сайжруулах зорилгоор хувийн блокчэйн технологид суурилсан шинэ үйлчилгээ (Citi Tokens Services)-г нэвтрүүлснээ өнгөрсөн долоо хоногт зарлав. Уг үйлчилгээний дагуу аливаа аж ахуйн нэгж арилжааны банкаар дамжуулан мөнгө шилжүүлдэг байсныг халж блокчэйн дээр бичигдсэн ухаалаг гэрээг баталгаа болгон токен шилжүүлэх ажээ. Ингэснээр өдрөөр хэмжигддэг байсан мөнгөн шилжүүлгийн хугацааг минутаар тооцох боломжтой болж байна.

Энэ долоо хоногт

АНУ-ын өнгөрсөн 2-р улирлын ДНБ-ий өсөлтийг 9 дүгээр сарын 28-ны өдөр зарлана.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!